bnr-0
Монгол Улсын төсөв дэх зэсийн орлого 2025 онд хоёр дахин өсөх төлөвтэй байна
01 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
  • Ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээлд зэсийн үнэ 75 хувиар өсөх төлөвийг "Fitch Solutions" танилцууллаа.
  • Зэсийн үнэ 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларын түвшинд хэлбэлзэнэ хэмээн мөн “Citibank” тооцоолжээ.
  • Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины эрэлт нэмэгдэх хэрээр зэсийн хэрэглээ өсөж байна.
2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин өсөх төлөвтэй байна.

Зэсийн үнэ ирэх хоёр жилийн хугацаанд нийт 75 хувиар өсөх таамгийг “Fitch Solutions-ийн судалгааны нэгжээс танилцуулаад байна. Дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нөгөө талаас Чили, Перугийн уурхайн зэсийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэн зэсийн үнэ өсөж, 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларын түвшинд хэлбэлзэнэ хэмээн мөн “Citibank” тооцоолжээ.

Тэгвэл Монгол Улсын 2024 оны төсөвт нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг дунджаар 7386.6 ам.доллар байхаар таамаглаж, нийт 2.75 их наяд төгрөгийг энэ салбараас татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнэ нь “Citibank-ийн таамгаас хоёр дахин бага үнээр тооцжээ. Хэдийгээр төсөвт тэнцвэржүүлсэн үнэ ашигласан хэдий ч судалгааны байгууллагын тооцоолсны дагуу дэлхийн зах зээлд шаргал металлын ханш 75 хувиар цойлбол 2024 онд Монгол Улсын төсөв дэх зэсийн орлого эрс өсөх төдийгүй 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 5 орчим их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Монгол Улс 2024 онд нийт 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөвтэй бөгөөд Оюутолгойн уурхайн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж буйгаас гадна 2025 онд “Монголын Алт” (МАК) компанийн хэрэгжүүлж буй Цагаансуваргын зэс, молибдены орд эдийн засгийн эргэлтэд орох хүлээлттэй байна.

Өдгөө Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 8559 ам.доллараар үнэлэгдэж буй агаад өнгөрсөн гуравдугаар сард 10,730 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшнийг тогтоосон юм.

 

mobile-logo