bnr-0
АНУ оюутны виз олгохдоо сошиал постуудыг нь шалгадаг журамтай болно
05 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
Трампын засаг захиргаа гадаад оюутнуудын визийг хүчингүй болгож, их сургуулиудын санхүүжилтийг царцааж, зарим оюутныг улсаас албадан гаргах цөөнгүй арга хэмжээ авч буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаад оюутны виз хүсэгчдэд тавих шалгуураа чангатгахаар шинэ алхам хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оюутны визийн ярилцлагын цаг шинээр товлохоо “цаашдын зааварчилгаа иртэл” түр зогсоохыг үүрэг болгосон албан бичгийг гадаад орнууд дахь Элчин сайдын яамддаа илгээсэн байна.

Энэхүү шийдвэр нь виз хүсэж буй хүмүүсийн олон нийтийн сүлжээндээ тавьсан мэдээллийг илүү гүнзгий нягтлан шалгах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд ялангуяа оюутны болон солилцооны хөтөлбөрийн виз мэдүүлэгчдэд хамаарах аж. Ийнхүү хяналт нэмэгдсэнээр визийн мэдүүлгийг хүлээн авах, боловсруулж шийдвэрлэх үйл явцад чамгүй өөрчлөлт орохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Тус арга хэмжээ нь Трампын их сургуулиудтай хийж буй сөргөлдөөнтэй холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Тэрбээр АНУ-ын нэр хүндтэй зарим их сургуулийг хэт зүүний үзэл сурталтай, антисемитизмийг өөгшүүлдэг, оюутны элсэлтийн бодлогодоо ялгаварлан гадуурхах шинж агуулдаг хэмээн буруутгаад буй.

Гадаадын оюутнууд Америкт суралцахын тулд тухайн улс дахь АНУ-ын Элчин сайдын яаманд заавал ярилцлагад орох шаардлагатай байдаг. Шинэ журмын дагуу батлагдаж, цаг товлосон ярилцлагууд хэвийн үргэлжлэх боловч шинээр цаг авах боломжгүй болж байна.

Трампын засаг захиргаа гадаад оюутнуудын визийг хүчингүй болгож, их сургуулиудын санхүүжилтийг царцааж, зарим оюутныг улсаас албадан гаргах цөөнгүй арга хэмжээ авч буй. Гэхдээ эдгээр арга хэмжээний олонхыг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлээд байгаа юм.

Сүүлийн үед Харвардын их сургууль Трампын шүүмжлэлийн гол бай болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус их сургуулийг гадаад оюутан элсүүлэх болон гадаадын судлаач хүлээн авах эрхийг нь зогсоох гэж оролдсон ч шүүх уг шийдвэрийг түдгэлзүүлсэн. Хэрэв хэрэгжсэн бол нийт оюутны 25 гаруй хувийг гадаад иргэд эзэлдэг Харвардад ноцтой нөлөө үзүүлэх байв.   

mobile-logo