- 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ.
- Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан.
Энэ ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болно. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр олон арван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.
Цаашдаа үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх юм.
Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болох аж. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлнэ.
Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50,6 сая тонн, 2050 онд 90,7 сая тонн болгож өсгөнө.
Тэрчлэн тус нийгэмлэг дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хүчин чадлаа өсгөжээ.
Одоогоор “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь нийт 21 төрлийн ачааг тээвэрлэдэг.
Ачаа тээврээс өнгөрсөн хугацаанд алдагдал хүлээж ирснийг тарифт өөрчлөлт оруулснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүнс болон нефтийн бүтээгдэхүүнээс бусад тарифыг өөрийн өртгөө нөхөх хэмжээнд ашигтай болгож чаджээ.