- Залуу цуглуулагчид Лабубуг аяллын даатгалд багтааж эхэлжээ.
- Ховор загварууд хоёр сая төгрөг давсан үнээр арилжигдаж байна.
- “Сюрпризтай хайрцаг” худалдаа TikTok-т вирус мэт тархсан нь эрэлтийг улам өсгөв.

Жижигхэн мангас мэт дүртэй Лабубу тоглоом өнөөдөр дэлхийн хамгийн эрэлттэй цуглуулгын нэг болон хувирч, шинэ төрлийн хэрэглээний шунал, нийгмийн дарамтын илэрхийлэл болж байна.
Хонконг дизайнер Кэйсинг Лунгийн бүтээл энэ зөөлөн тоглоомыг анх Pop Mart компани зах зээлд гаргасан ч өдгөө Хятадаас Австрали, Европ хүртэл цуглуулагчдын хоорондын дам худалдааны “халуун бараа” болж, эрэлт нь эрс нэмэгджээ.
Тоглоом гэхээс илүү хөрөнгө оруулалт мэт үзэгдэж буй Лабубугийн үнэ заримдаа хоёр сая төгрөгт хүрч, ховор хувилбарууд нь ахин дахин эрэлтийг өдөөж байна. PassportCard даатгалын компанийн мэдээлснээр, Миллениал болон Gen Z үеийн гурван хүн тутмын нэг нь аялалд явахдаа өөрийн Лабубуг хулгайд алдах вий хэмээн тусгай даатгалд хамруулах талаар бодож үзсэн байна. Эдгээр тоглоом нь эздийнхээ сэтгэл зүйн хувьд үнэ цэнтэй зүйл болсон хэмээн компанийн тайланд тэмдэглэсэн байна.
Лабубугийн эрэлтэд түлхэц өгч буй гол хөшүүрэг бол “сюрпроиз хайрцаг” гэх худалдааны арга юм. Хэрэглэгч хайрцаг дотроо яг ямар дүр байгаа нь тодорхойгүй байхад худалдан авалт хийдэг тул хүссэн загвараа олохын тулд дахин дахин худалдаж авах хандлага давамгайлж байна. Энэ нь TikTok зэрэг платформ дээр “unboxing” буюу хайрцаг задлах бичлэгийн хэт давтамжийг бий болгож, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлжээ.
Pop Mart-ийн зарим салбаруудын нээлтийн үеэр хэрэглэгчид шөнө дунд оочерлож, дэлгүүр нээгдэх мөчид хамгийн түрүүнд орох стратеги хүртэл боловсруулсан бичлэгүүд олноор гарсан байна. Хамгийн их эрэлттэй загваруудыг авч чадаагүй хүмүүсийн хувьд энэ нь нийгмийн гадуурхагдсан мэт мэдрэмж төрүүлэхүйц сэтгэл хөдлөлийг дагуулж байгаа нь анхаарал татаж байна.
Лабубугийн эргэн тойронд үүссэн энэ “хөөрхөн аймшиг” нь өнөөгийн хэрэглээний нийгмийн шинэ дүр төрх, сэтгэл зүйн донтох байдал, хэт материаллаг үнэлэмжийг тольдон харуулж байна. Тэртээх нэгэн хайрцагт юу нуугдаж буйг мэдэхгүйгээр дахин дахин худалдан авсаар байх хандлага нь эцэстээ нэгэн жижиг тоглоомыг дэлхийн сэтгэлзүйн шуурганы төвд аваачжээ.