- Валютын нөөц удирдагчдын гуравны нэг нь алтны эзлэх хэмжээг нэмнэ.
- Евро, юанийг сонирхогч төв банкуудын тоо хоёр дахин өсөв.
- Долларын эзлэх хувь 2035 он гэхэд 52% хүртэл буурах төлөвтэй байна.

Дэлхийн төв банкууд геополитикийн эрсдэл, худалдааны урсгалын өөрчлөлтөөс үүдэн АНУ-ын долларт төвлөрсөн бодлогоо дахин үнэлж, алт, еврогийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын юанийг стратегийн нөөц валют болгох чиглэл идэвхижиж эхэллээ.
Төв банкууд, Санхүүгийн Байгууллагуудын Албан ёсны Форумын 2025 оны шинэ судалгаанд дурдсанаар, нийт 5 их наяд ам.долларын нөөц удирддаг 75 төв банкны гуравны нэг нь ирэх хоёр жилд алтан нөөцөө нэмэхээр зэхэж байгаа нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болж байна. Уг судалгаа гуравдугаар сараас тавдугаар сард хийгдсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Чөлөөлөх өдөр”-ийн тарифын мэдэгдэл, улмаар доллар, үнэт цаасны ханшийн хэлбэлзэлтэй холбоотой аж.
Түүнчлэн ирэх арван жилд алтны нөөцийн бодлого улам чангарах төлөвтэй байна. Судалгаанд оролцсон төв банкуудын 40 хувь нь урт хугацаанд алтны нөөцөө нэмэх бодлого баримтална гэж мэдэгджээ. Энэ нь 2022 оноос хойш хурдацтай өссөн алт худалдан авалтын үргэлжлэл болох юм.
АНУ-ын валютын байр суурьт эргэлзэх хандлага ч илт мэдрэгдэж байна. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь АНУ-ын дотоод улс төрийн тодорхойгүй байдал долларын найдвартай байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон нь өмнөх жилийн 30 хувиас хоёр дахин өссөн дүн юм. Үүний сацуу еврогийн талаарх хандлага мэдэгдэхүйц эерэг болж 16 хувь нь ойрын хугацаанд еврогийн эзлэх хувийг нэмнэ гэж хариулсан нь өмнөх жилийн 7 хувьтай харьцуулахад огцом өсөлт болов.
Юань урт хугацааны нөөцийн стратегид илүү давамгай байр суурь эзэлж эхэлж байна. Судалгаанд оролцогчдын 30 хувь нь ирэх 10 жилд юанийг нэмэхээр төлөвлөж байгаа бол дэлхийн нөөц валют дахь юанийн эзлэх хувь гурав дахин нэмэгдэж 6 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Валютын хяналттай улс орон гэх тодорхойлолтоос үл хамааран, БНХАУ-ын санхүүгийн интеграцчилал, эдийн засгийн нөлөө өссөөр байгаа нь төв банкуудын бодлогыг өөрчлөхөд нөлөөлж байна.
Европын хувьд бондын зах зээлийн хэмжээ АНУ-тай харьцуулахад бага ч гэсэн Евро бүсийн санхүүгийн зах зээлийг нэгтгэх алхмууд, өрийн хямралаас гарсан сэргэлт нь еврог дахин эрэлттэй валют болгох нөхцлийг бүрдүүлж байна. Европын Төв Банкны тэргүүн Кристин Лагард еврог долларын хувилбар болгон бэхжүүлэх зорилгоо ил тод илэрхийлсэн бол HSBC банкны судлаачид еврог ирэх гурван жилд дэлхийн валютын нөөцийн 25 хувьд хүргэх боломжтой гэж дүгнэжээ.
Цаашид валютын бүтцэд түүхэн өөрчлөлт гарах төлөвтэй байна. Судалгаанд суурилсан урьдчилсан төсөөллөөр, 2035 он гэхэд дэлхийн валютын нөөц дэх долларын эзлэх хувь 58 хувиас 52 хувь болж буурах бол евро 22 хувь, юань 6 хувьд хүрнэ. Ийнхүү олон төв банк хөрөнгө оруулалтын хуваарилалтаа стратегийн шинэ чиглэлд эргүүлж, алт, евро, юаньд илүү их ач холбогдол өгч буй нь санхүүгийн урсгалд урт хугацааны өөрчлөлт авчрах төлөвтэй байна.