- “Executive Branch” буюу “Гүйцэтгэх Засаглал” нэртэй, гишүүнчлэл бүхий хувийн клуб Вашингтон хотод нээлтээ хийнэ.
- Клубыг Дональд Трамп Жр., Омиид Малик, Кристофер Бускирк нар хамтран үүсгэн байгуулжээ.
- Executive Branch клуб “Trump International” зочид буудлын үүргийг орлох, улс төр, бизнесийн нөлөө бүхий шинэ төв болох өндөр хүлээлт дагуулж байна.

Вашингтон хотын Жоржтаун дүүрэгт гишүүнчлэл бүхий, хувийн шинэ клуб – Executive Branch нээгдэхээр зэхэж байна. Гишүүнчлэлийн хураамжийг 500,000 ам.доллараар тогтоосон ч хүлээлгийн жагсаалтад олон хүн бүртгүүлээд байгаа аж. Энэхүү клуб нь “Trump International” зочид буудлын дараа Америкийн улс төр, бизнесийн элит давхаргын шинэ уулзалтын төв болох өндөр хүлээлт дагуулж байна.
Executive Branch клубыг Дональд Трамп Жр. болон хөрөнгө оруулалтын 1789 Capital компанийн үүсгэн байгуулагч Омиид Малик, Кристофер Бускирк нар хамтран байгуулсан байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Стив Уиткоффын хөвгүүд Алекс, Зак Уиткофф нар үүсгэн байгуулагчдын тоонд багтжээ. Стив Уиткофф нь Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын нөхдийн нэг бөгөөд одоогоор Ойрхи Дорнодын элч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Клубын нээлтийн үдэшлэг өнгөрсөн бямба гарагт болж, Трампын засаг захиргааны зургаан албан тушаалтан, технологийн салбарын гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, бодлогын шинжээчид зэрэг өндөр түвшний зочид оролцжээ. Оролцогчдын дунд Дэвид Сакс, Тайлер болон Камерон Уинклвосс, Чамат Палихапитиа зэрэг нэртэй хөрөнгө оруулагчид багтаж байсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Executive Branch клуб нь хувийн бусад клубтай харьцуулахад илүү өндөр үнэтэйгээр гишүүдээ элсүүлэх бөгөөд элсэлтийн хураамжаас гадна жил бүрийн гишүүнчлэлийн татвар тогтоох боловч энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байна. Нью-Йоркийн Aman Club-ийн 200,000 ам.долларын хураамжийг давсан энэхүү клуб нь АНУ-д хамгийн өндөр төлбөртэй клубуудын нэг болох төлөвтэй байна.
Ковид-19 цар тахлын дараах үед Нью-Йорк, Майами, Лос Анжелес зэрэг хотод шинээр байгуулагдсан хувийн клубуудын жишгийг даган Executive Branch нь зоогийн газар, баар, уулзалтын өрөө, фитнес төв, спа зэрэг тансаг үйлчилгээг багтаасан цогц орчныг бүрдүүлэх аж. Клубын гишүүдийг зөвхөн урилгаар элсүүлэх бөгөөд гишүүнд нэр дэвшигчдэд хатуу шалгуур тавих юм байна. Зарим нэр дэвшигч нэг сая ам.долларын төлбөр санал болгосон ч байгууллага гишүүдийн тооноос илүүтэй чанарт онцгой анхаарч, сонгон шалгаруулалт хатуу байх бодлогыг баримталж байгаа аж.
"Бид олон нийтийн анхаарал татахыг хүсэхгүй байна. Харин гишүүд маань хувийн орчинд чөлөөтэй ярилцах боломжтой байхыг зорьж байна" хэмээн клубын ойрын эх сурвалж тайлбарлав.
Executive Branch клубын нээлтийн арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио, Үнэт цаас, биржийн хорооны дарга Пол Аткинс, Ерөнхий прокурор Пам Бонди, Холбооны худалдааны комиссын дарга Эндрю Фергюсон, Холбооны харилцаа холбооны комиссын дарга Брендан Карр, Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард, Холбооны мөрдөх товчооны орлогч захирал Дэн Бонгино, Эрүүл мэндийн даатгалын төвийн захирал Мехмет Оз нар оролцсон байна. Мөн AppLovin компанийн гүйцэтгэх захирал Адам Форуги зэрэг технологийн салбарын нэртэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Вашингтоны улс төр, бизнесийн хүрээнд Executive Branch клубыг “Trump International” зочид буудлын үүргийг залгамжлах боломжтой шинэ төв гэж үнэлж буй бөгөөд энэ нь Америкийн элитүүдийн хувьд шинэ уулзалт, харилцаа холбооны гол төв болох магадлалтай байна.