bnr-0
Өмнөд Солонгост борооны улирал эрт дуусаж, хэт халалт эхэллээ
07 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Олон нутгаар агаарын температур дараалан 35 хэмээс дээш халах тул хэт халалтаас урьдчилан сэргийлэхийг Цаг уурын албанаас анхааруулжээ.
  • Ганвондо мужийн Ганнын хотод долдугаар сарын 7-нд 38.7 хэм хүрч халсан нь 1911 оноос хойших гурав дахь хамгийн өндөр үзүүлэлт болов.
  • Зөвхөн долоодугаар сарын 7-ны өдөр л гэхэд 59 хүн халуунтай холбоотой шалтгаанаар яаралтай тусламж авч, хоёр хүн нас баржээ.
Долдугаар сарын 9, 10-нд Сөүл болон тус хот орчмын бүс нутгуудад 36 хэм хүртэл халж болзошгүй байна.

Өмнөд Солонгосын өмнөд бүс нутгуудад долдугаар сарын 3-нд борооны улирал албан ёсоор дууссан талаар зарласны дараа улс орон даяар хэт халалтын давалгаа эхэлж, олон нийтийг сэрэмжлүүлж байна. Цаг уурын албанаас мэдээлснээр, олон нутгаар агаарын температур дараалан 35 хэмээс дээш халах тул хэт халалтын анхааруулга гаргасан бөгөөд энэ жилийн хэт халалт өнгөрсөн оныхоос 18 хоногийн өмнө эхэлжээ.

Долдугаар сарын 9, 10-нд Сөүл болон тус хот орчмын бүс нутгуудад 36 хэм хүртэл халж болзошгүй байна. Энэ нь 1939 оны долдугаар сарын 9-нд бүртгэгдсэн 36.8 хэмийн түүхэн дээд үзүүлэлтэд дөхөж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Халуун, чийглэг агаарын урсгалын нөлөөгөөр зүүн бүсийн Ганвондо мужийн Ганнын хотод долдугаар сарын 7-нд 38.7 хэм хүрч халсан нь 1911 оноос хойших гурав дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэвч салхины чиглэл өөрчлөгдөж, Хятадын Шаньтоу руу чиглэж буй Данас хар салхины нөлөөгөөр хэт халалт  баруун бүс, тухайлбал Сөүл рүү шилжиж байгаа хэмээв. Энэ нь баруун нутгуудад агаарын хэм болон чийгшил нэмэгдэх шалтгаан болж байгаа аж.

Хэт халалтаас үүдэн эрүүл мэндийн хүндрэлтэй тулгарч буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Зөвхөн долоодугаар сарын 7-ны өдөр л гэхэд 59 хүн халуунтай холбоотой шалтгаанаар яаралтай тусламж авч, Жүнжү болон Ёндогт хоёр хүн нарны хордлогоор нас баржээ. Улсын хэмжээнд тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн хэт халалтын хяналтын тогтолцооны хүрээнд нийт 875 хүн халуунтай холбоотой өвчнөөр эмнэлэгт хандсан бөгөөд 7 хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Гэсэн хэдий ч ирэх амралтын өдрүүдэд хойд зүгээс сэрүүн агаарын урсгал орж ирснээр Сөүл болон Ганвоны зарим хэсэгт түр зуур бороо орж, халалтын эрч суларч магадгүй хэмээн Цаг уурын албанаас мэдээллээ. Иймээс тус байгууллага төвийн бүс нутагт борооны улирал дууссан талаар одоогоор албан ёсоор зарлаагүй байна.   

mobile-logo