bnr-0
Орос-Украины хэлцэл нурлаа: АНУ зуучлагч байхаас татгалзаж, бодлогын шинэ хандлагаа зарлав
05 сарын 03, 2025
ХУВААЛЦАХ
  • Вашингтон цаашид хоёр талын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдэв.
  • Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ-ын оролцооны хэлбэр өөрчлөгдөж буйг батлав.
  • Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талд дахин хоёрдогч хориг тавихад бэлэн гэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын үеэр

АНУ Орос, Украин хоёрын хооронд өрнөж буй хэлэлцээнд зуучлагчийн үүргээсээ албан ёсоор татгалзаж, цаашид зөвхөн дэмжигчийн байр сууринаас оролцоно гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тамми Брюс мэдээлж Вашингтон энэхүү үйл явцад хөндлөнгөөс шууд оролцохгүй бөгөөд хоёр тал өөрсдөө хэлэлцээрийн ширээний ард шийдэлд хүрэх ёстойг онцлов.

“Бид хэлэлцээний явцад оролцож, дэмжих байр суурьтай байгаа ч уулзалт болгонд нисэн очих, зуучлах үүрэг гүйцэтгэхгүй. Энэ бол хоёр улсын асуудал” хэмээн Брюс тодотголоо. Тэрбээр АНУ-ын гадаад бодлогын анхаарал одоо өөр бүс нутгууд руу чиглэж байгаа тул дотоод нөөцөө илүү оновчтой зарцуулах шаардлага тулгарч буйг дурдав.

АНУ-ын оролцооны хэлбэр болон арга барил өөрчлөгдөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч мөн ил тод мэдэгдсэн байна. Тэрээр “Бидний оролцоо дипломат шугамаар үргэлжлэх боловч зуучлахгүй. Энэ бол бидний шинэ хандлага” гэж тайлбарлажээ.

Төрийн департаментын төлөөлөгч АНУ Оросын нефтийн худалдан авагчдад хоёрдогч хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа талаар Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийг дахин нотолжээ. Энэ нь өмнө нь Ираны эсрэг хэрэглэж байсан аргачлалтай ижил төстэй бөгөөд Москвагийн худалдааны гол түншүүдэд шахалт үзүүлэхэд чиглэгдэх аж.

“Одоогийн хэрэгжиж буй хориг арга хэмжээг цуцлах тухай асуудал байхгүй. Ерөнхийлөгч Трамп бүх шийдвэрийг дипломат шугамаар, тодорхой зорилготой гаргах ёстой гэж үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Вашингтоны энэ мэдэгдэл нь хоёр талын хэлэлцээний ирээдүйг шинэ нөхцөл байдалд орсныг харуулж байгаа бөгөөд Москва, Киев хоорондын харилцаа, харилцан ойлголцол цаашдын хэлэлцээний гол түлхүүр болох боллоо. АНУ-ын дэмжлэг хадгалагдах ч гол тоглогчийн байр сууриа өөрчлөн, бусад асуудалд илүү төвлөрөх бодлого баримтлахаар шийджээ.  

mobile-logo