- Дэлхийн Банк 2025 онд бараа, түүхий эдийн үнэ 12 хувиар унана гэж таамаглав.
- Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 64 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
- Худалдааны зөрчил, эдийн засгийн сааралтаас шалтгаалан үнийн огцом уналт хүлээгдэж байна.

Дэлхийн банкнаас шинэчлэн танилцуулсан “Түүхий эдийн зах зээлийн төлөв” тайланд дурдсанаар 2025 онд түүхий эдийн үнэ бодит дүнгээр 12 хувь, 2026 онд дахин 5 хувиар буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Энэ нь цар тахлын дараах эдийн засгийн идэвхжил, Оросын 2022 оны Украинд хийсэн довтолгооны нөлөөгөөр өссөн үнийн мөчлөг албан ёсоор дуусаж буйг илтгэж байна гэж тус байгууллага онцоллоо.
Үнийн огцом уналтын гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, худалдааны маргаан гүнзгийрч байгаатай холбоотой гэж Дэлхийн банк үзэж байна. Тайланд тэмдэглэснээр худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн тодорхой бус байдал, зээлийн зардлын өсөлт зэрэг нь олон улсын эрэлтэд дарамт үзүүлж, бараа бүтээгдэхүүний зах зээлд бууралт авчирч болзошгүйг анхааруулжээ.
Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2024 онд 81 ам.долларт хүрсэн бол 2025 онд энэ үзүүлэлт 64 ам.доллар болж буурахаар тооцоолсон байна. Энэ нь эрчим хүчний эрэлт саарч, нийлүүлэлт харьцангуй тогтвортой хэвээр байгаатай холбоотой. Мөн бусад гол нэрийн түүхий эд, ялангуяа эрчим хүч, хүнсний болон металлын үнэ ч бодит дүнгээр буурахаар төсөөлөгдөж байна.
Тайлангаас үзвэл нийт түүхий эдийн инфляцтай тохируулсан үнийн түвшин 2025–2026 он гэхэд 2015–2019 оны дундаж руу буцаж очих бөгөөд энэ нь сүүлийн гурван жилийн хэт өсөлт зогсож байгааг илтгэж байгаа аж. Хэдийгээр үнийн уналт нь түүхий эд импортлогч орнуудад инфляцын дарамтыг бууруулах эерэг нөлөөтэй ч, экспортод тулгуурласан эдийн засагтай орнуудад сөрөг хандлага дагуулах эрсдэлтэйг сануулсан байна.
Монгол Улсын хувьд нүүрс, зэс зэрэг түүхий эдээс олдог орлого улсын төсөв, гадаад валютын нөөцийн суурь болдог тул дэлхийн зах зээлийн үнийн уналт нь эдийн засагт доргилт авчрах магадлал өндөр байна. Ийм нөхцөлд төсвийн бодлого, валютын зохицуулалт, хөрөнгө оруулалтын стратегийг илүү уян хатан, эрсдэлд тэсвэртэй байлгах шаардлага нэмэгдэж байгааг эдийн засагчид анхааруулж байна.
Дэлхийн эдийн засгийн төлөв хэврэг хэвээр байгаа энэ үед түүхий эдийн үнэ тогтворгүй байх нь Монголын эдийн засгийн төлөвт шууд нөлөө үзүүлэх тул олон улсын динамикийг анхааралтай ажиглах шаардлагатай юм.