- “Microsoft” компанийн кодын 30 хүртэлх хувийг хиймэл оюун бичиж байгааг Наделла дурдлаа.
- Мөн “Meta” компани ирэх жилийн дотор хиймэл оюуныг хиймэл оюун бүтээх чадвартай болгоно гэдгээ мэдэгдэв.
- “Google”, “Shopify”, “Duolingo” зэрэг томоохон компани хиймэл оюунд түшиглэсэн ажлын шинэ бүтэц рүү шилжиж байна.

Калифорнийн Менло Парк хотод болсон “LlamaCon” хөгжүүлэгчдийн анхны арга хэмжээний үеэр “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла хиймэл оюун тус компанийн хөгжүүлж буй кодын 20-30 хувийг бичиж байгааг мэдэгдлээ. Түүний хэлснээр зарим төслийг бүрэн хиймэл оюунаар бичихийг ч үгүйсгэхгүй гэлээ.
“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергтэй хамт тайзнаа суусан тэрбээр хиймэл оюуны гүйцэтгэж буй үүрэг нэмэгдсээр байгааг онцолсон юм. Харин Закерберг “Ирэх жилийн хугацаанд “Meta”-ийн хөгжүүлэлтийн ажлын талыг хиймэл оюун өөрөө хийж чаддаг болно” хэмээн өөрийн компанийн зүгээс тодруулга өгсөн байна. “Манай гол зорилго бол хиймэл оюунаар хиймэл оюуныг бүтээдэг болох” гэж тэр хэлжээ.
Энэхүү хандлага зөвхөн технологийн хоёр том гигантад хязгаарлагдахгүй байна. “Google” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өнгөрсөн аравдугаар сард компанийнх нь шинэ кодын 25 хувийг хиймэл оюун бичсэн талаар мэдээлсэн. Харин “Shopify”-ийн гүйцэтгэх захирал Тоби Лютке саяхан ажил горилогчдоос “хиймэл оюун миний гүйцэтгэх ажлыг хийж чадахгүй” гэдгийг батлахыг шаарддаг болсноо ил болгожээ. Түүний хэлснээр шаардлагатай ажил үүрэгт хүн авч ажиллуулахын өмнө тухайн ажлыг хиймэл оюун хийж чадах эсэхийг эхлээд нягталдаг болсон байна.
Түүнчлэн хэлний сургалтын аппликейшнээрээ танигдсан “Duolingo” компанийн удирдлага ч мөн адил чиг баримжаа гаргажээ. Гүйцэтгэх захирал Луис фон Ан ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ хиймэл оюунд суурилсан бүтэц рүү тодорхой хэмжээгээр шилжиж буйгаа мэдэгдсэн байна.
“OpenAI” ч энэ чиглэлд санаачилгатай ажиллаж байгаа бөгөөд “vibe coding” нэртэй, хэдхэн түлхүүр үгээр бүрэн хэмжээний код үүсгэдэг технологи боловсруулж буй “Windsurf” гэх стартап компанийг худалдан авахаар хэлэлцэж байгааг CNBC энэ сарын эхээр мэдээлсэн. Уг санаачилга нь байгууллагуудын хөгжүүлэлтийн үр ашиг, хурдыг үлэмж нэмэгдүүлэх шинэ үеийг эхлүүлэх хүлээлттэй байна.
2022 оны сүүлээр ChatGPT олон нийтэд танилцуулагдсанаар хиймэл оюуны хэрэглээ хэрэглэгчийн үйлчилгээ, програмчлал зэрэг нарийн мэргэжлийн чиглэлүүдэд нэвтэрч эхэлсэн. Одоогийн байдлаар дэлхий даяар олон компани хүний оролцоог хиймэл оюунтай хослуулан дахин тодорхойлж бүтээмжийг эрэлхийлсэн шинэ шат руу орж байна.