- Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төслүүдийг тавдугаар сард багтаан бүртгэнэ.
- Салбарын бодлоготой уялдуулсан босго үзүүлэлт, стандарт шаардлагуудыг яам бүр шинэчлэн батална.
- Татварын албанаас хэрэгжилт хангах зөвлөмж, арга зүйн зааварчилгаа нийтэд хүргэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн чухал татварын бодлогын нэг болох орлогын албан татварын хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтад тодорхой чиглэл, стандартуудыг тусгасан шинэ журам, зөвлөмжийг Засгийн газар боловсруулж эхэллээ. Сангийн сайд Б.Жавхлан уг асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж хэрэгжилтийн явцад учирч болзошгүй эргэлзээг арилгах болон нэгдсэн ойлголт бүрдүүлэх шаардлагатай буй талаар хэлэлцжээ.
Энэ хүрээнд холбогдох яам, агентлагууд тухайн салбарынхаа хүрээнд татварын хөнгөлөлтөд хамаарах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны босго үзүүлэлт, стандартуудыг боловсруулж, салбарын бодлоготойгоо нийцүүлэн шинэчлэх үүрэг хүлээлээ. Эдгээр шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг ирэх тавдугаар сард багтаан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хөнгөлөлт эдлэх эрх зүйн үндсийг бий болгох ажээ.
Үүний зэрэгцээ Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнд албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж, арга зүйн зөвлөгөөг боловсруулж, бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй хүргэх чиглэл өгсөн байна. Ингэснээр хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тодорхой шалгуурыг хангаж чадвал татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санаачилсан бөгөөд нийгмийн салбарын зарим тулгамдсан асуудлыг улсын төсвөөс гадна хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буйг албаныхан онцолж байна.
Энэхүү зохицуулалтаар салбарын яамд нь бодлогоо зөв тодорхойлж, шаардлагатай төслүүдийг хувийн хэвшлээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр төр, бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж үзэж байгаа юм. Татварын хөнгөлөлт нь зөвхөн нэр төдий бус бодитой үр ашиг авчрахуйц бөгөөд нийгэмд мэдэгдэхүйц өөрчлөлт авчран цаашид хэрэгжих ёстой гэж Засгийн газар үзэж байна.