- Хятадын цахилгаан автомашины тэргүүлэгч үйлдвэрлэгч BYD 10 гаруй загвараа хямдруулж байгаагаа зарлалаа.
- BYD өөрсдийн хамгийн хямд загвар болох Seagull цахилгаан автомашины үнийг 10,000 ам.доллароос 7,765 ам.доллар болгон хямдруулжээ.
- Сүүлийн жилүүдэд олон стартап компани Хятадын автомашины зах зээлд цахилгаан автомашины өсөлтөд хөтлөгдөн орж ирсэн бөгөөд зах зээл хэт өрсөлдөөнтэй болж, ихэнх компани ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж байна.

Хятадын цахилгаан автомашины тэргүүлэгч үйлдвэрлэгч BYD 10 гаруй загвараа хямдруулж байгаагаа зарлалаа. Уг мэдэгдэл гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 8.6 хувиар буурсан байна.
Хятадын цахилгаан автомашины зах зээлд үүсэж буй үнийн дайн эрчимжиж байгаа нь салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоогоод буй.
BYD өөрсдийн хамгийн хямд загвар болох Seagull цахилгаан автомашины үнийг 10,000 ам.доллароос 7,765 ам.доллар болгон хямдруулжээ.
“Эдгээр хямдрал болон бусад үйл явдал нь зах зээлийн эргэлтийн цэгт ойртож буйг илтгэж байгаа бөгөөд салбарын сул тоглогчид үнийн уналтаас үүдэн алдагдлаа даах чадамжгүй болж болзошгүй” хэмээн Sino Auto Insights зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Ту Лэ хэлжээ.
“Энэ бол Neta, Polestar зэрэг зах зээлд эзлэх байр сууриа хараахан бэхжүүлээгүй стартап компаниудад дарамт нэмэгдэж болзошгүйг илтгэх эхний дохио болох шинжтэй байна” хэмээн тэрбээр нэмж дурдлаа.
Сүүлийн жилүүдэд олон стартап компани Хятадын автомашины зах зээлд цахилгаан автомашины өсөлтөд хөтлөгдөн орж ирсэн бөгөөд зах зээл хэт өрсөлдөөнтэй болж, ихэнх компани ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж байна.
Jato Dynamics судалгааны байгууллагын мэдээлснээр, өнөөдөр Хятадад үйл ажиллагаа явуулж буй 169 автомашин үйлдвэрлэгчийн талаас илүү нь зах зээлийн 0.1 хувиас бага хувийг эзэлдэг байна.