Хүүхдийг байнга аргадах нь сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болгодог
08 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй үед байнга оролцож, асуудлыг шийдэх гэж оролдох нь тэдний тэсвэр тэвчээрийг бууруулж, бие даах чадваргүй болгодог.
  • Үүний оронд хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, тэдэнд дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй арга ажээ.
  • Энэхүү арга нь хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг сайн хянаж сурахад тусалж, уур бухимдал, гомдол зэрэг сэтгэл хөдлөлийг илүү хурдан зохицуулах чадварыг бий болгодог.
Эцэг эх асуудал бүрд оролцож, аргадаж байвал хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцаж чадахгүй.

Олон эцэг эх хүүхдээ гунигласан, уурласан эсвэл уцаарласан үед нь шууд аргадаж, тайвшруулахыг оролддог. Гэвч Колумбын их сургуулийн төгсөгч, клиник сэтгэлзүйч Беки Кеннеди үүнийг маш том алдаа гэдгийг онцоллоо.

Хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй үед байнга оролцож, асуудлыг шийдэх гэж оролдох нь тэдний тэсвэр тэвчээрийг бууруулж, аливаа саад бэрхшээлтэй бие даан нүүр тулах чадваргүй болгодог байна.

Кеннеди “Good Inside” подкастад өгсөн ярилцлагадаа хүүхэд бухимдал, бүтэлгүйтлээс суралцдаг бөгөөд эцэг эх асуудал бүрд оролцож, аргадаж байвал хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцаж чадахгүй гэдгийг дурдлаа. Харин хүүхэдтэй ярилцаж, тэдний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх, дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй арга ажээ.

Жишээлбэл, хүүхэд гэрийн даалгавраа хийхэд төвөгтэй байгаа үедээ хийж чадахгүй хэмээн шантарч магадгүй. Энэ үед эцэг эх гэрийн даалгаврыг нь хийж өгөхийн оронд дэргэд нь сууж, “Хэдий хэцүү байж болох ч чи үүнийг хийж чадна” гэх мэтчилэн урам зориг өгч туслах нь зүйтэй байдаг байна.

Энэхүү арга барил нь хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж сурахад туслах бөгөөд цаг хугацааны явцад уур бухимдал, гомдол зэрэг сэтгэл хөдлөлийг илүү хурдан зохицуулах чадварыг олгодог ажээ. Ингэснээр хүүхэд ирээдүйд амжилт гаргах сэтгэл хөдлөлийн чадамжтай, тэсвэр тэвчээртэй хүн болж төлөвшдөг гэдгийг сэтгэлзүйч онцоллоо.  

mobile-logo