- “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулж байна.
- Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс илүү хямд үнээр борлуулж байна.
- Намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэхэн ногоог иргэдэд хүргэх “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Худалдааг нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах долоон байршилд үзэсгэлэн худалдаа дэлгэжээ.
-
Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
-
Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
-
Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
-
Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
-
Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
-
Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
-
Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай
Үзэсгэлэн худалдааны гол төв болох Барилгачдын талбайд газар тариалан, зөгийн аж ахуй эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний ногоо, олон төрлийн нарийн ногоо, даршилсан бүтээгдэхүүн, зөгийн бал зэргийг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байна.
“Алтан намар-2025” худалдаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 60 гаруй тариаланч оролцож байна. Тэд холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн, ариун цэврийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, бүх ногоогоо химийн бордоогүй гэдгийг нотолж байж худалдаанд оролцох эрх авдаг ажээ.