- Нийслэлийн дулааны хангамжийг сайжруулах зорилготой “Дулааны тархмал эх үүсвэр” төсөл хэрэгжилтийн шатандаа ороод байна.
- Нийслэлийн дулааны хангамжийг сайжруулах зорилготой “Дулааны тархмал эх үүсвэр” төсөл хэрэгжилтийн шатандаа ороод байна.
- Мөн станц барих газруудын газар чөлөөлөлт 90 хувьд хүрээд байгаа бөгөөд нийт 58 нэгж талбараас 51 нь аль хэдийн чөлөөлөгджээ.

Нийслэлийн дулааны хангамжийг сайжруулах зорилготой “Дулааны тархмал эх үүсвэр” төсөл хэрэгжилтийн шатандаа ороод байна. Энэхүү төслөөр хийн болон хатуу түлшээр ажиллах нийт 10 дулааны станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээр нь хотын оргил цагийн үед системээс ирэх ачааллыг хуваарилж, системийн доголдол үүсэхээс сэргийлэх, иргэдийг илүү найдвартай эх үүсвэрээр хангахад чиглэж байгаа юм.
Хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянга зэрэг байршилд барихаар сонгосон бол, Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хотхон, Сэлбэ хот орчмын бүсэд хатуу түлш ашиглах станцуудыг барихаар төлөвлөжээ.
Эдгээр дотроос Дэнжийн мянгын дулааны станцын төсөл эрчимтэй урагшилж буй бөгөөд тус станцын техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулсан байна. Мөн станц барих газруудын газар чөлөөлөлт 90 хувьд хүрээд байгаа бөгөөд нийт 58 нэгж талбараас 51 нь аль хэдийн чөлөөлөгджээ.
Нөгөөтэйгүүр, дулааны эх үүсвэрийн технологийг төрөлжүүлэх зорилгоор Сэлбэ болон Хүннү хот орчимд газрын гүний дулааны нөөцийн хайгуул, судалгааг эхлүүлээд байгаа аж.
“Дулааны тархмал эх үүсвэр” төсөл нь тус бүр 21-144 МВт-ын хүчин чадалтай бага оврын станцуудыг хотын стратегийн байршлуудад байгуулах замаар нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэж, төвлөрсөн системийн оргил ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.