- Швейцар улс ирэх пүрэв гараг гэхэд АНУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол 39 хувийн импортын татвар ногдуулна.
- АНУ-ын хэрэглэгчдийн дунд Швейцар улс нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай.
- Татварт ногдуулж буй бүтээгдэхүүн дундаас шоколад болон кофены үнэ тэнгэрт хадах магадлалтай.

Швейцарын эрх баригчид пүрэв гараг гэхэд худалдааны асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол 39 хувийн импортын татвар ногдуулах нөхцөл үүсээд байна.
АНУ-ын хэрэглэгчдийн дунд Швейцар улс нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай. Тухайлбал, Rolex бугуйн цаг, дээд зэргийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, гар урлалын шоколад зэрэг нь хэрэглэгчдийн дунд түгээмэл байдаг боловч өндөр татвар ногдуулж буйгаас үүдэж эдгээр бүтээгдэхүүний үнэ огцом өсөх эрсдэл нүүрлээд байна.
АНУ-ын зүгээс Швейцарын бараа бүтээгдэхүүнд 39 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан тухай өнгөрсөн долоо хоногт зарласны дараа олон улстөрч, эдийн засагч, бизнес эрхлэгчдийн шүүмжлэлд өртөж байна. Европын холбоо болон Их Британийн хувьд АНУ-тай хийсэн тохиролцооны дагуу тус тус 15% болон 10%-ийн татварт хамрагдсан байхад Швейцар ийнхүү өндөр татварын босгонд хүрсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
2024 онд АНУ Швейцартай хийсэн гадаад худалдаанаас 38.3 тэрбум ам.долларын худалдааны алдагдал хүлээсэн нь өндөр татвар ногдуулах үндэслэлийн нэг болсон ба Швейцар улс дэлхийн хамгийн том алт цэвэршүүлэгч гэдгээс шалтгаалдаг гэж тус улсын Засгийн газар тайлбарлаж байна. Алт, мөнгө зэрэг үнэт металлыг боловсруулах, дахин экспортлох үйл явц нь Швейцарт төвлөрсөн байдаг тул тухайн үйл явцыг АНУ-ын “Хоёр Улсын Харилцан Татварын Бодлого”-ын хүрээнд татвараас тодорхой хэмжээнд чөлөөлсөн байдаг аж.
Түүнчлэн АНУ нь Швейцараас эм, эмнэлгийн бүтээгдэхүүн болон хэрэгслийг их хэмжээгээр импортолдог буюу одоогоор 39 хувийн татварын дарамтаас чөлөөлөгдсөн ч АНУ-ын 1962 оны Худалдааны Өргөтгөлийн Тухай Хуулийн 232 дугаар зүйлийн хүрээнд татвар нь дахин өсөх магадлалтай байна.
Мөн Швейцарын хамгийн алдартай экспортын нэг бол бугуйн цаг юм. 2024 онд АНУ нь энэ төрлийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болсон бөгөөд нийт 4.37 тэрбум швейцар франкийн (5.4 тэрбум ам.доллар) цаг экспортолжээ.
Rolex, Patek Philippe, Audemars Piguet зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг АНУ-ын хэрэглэгчид олон жилийн турш хэрэглэж ирсэн. Харин одоо 39%-ийн татварын улмаас тэдгээрийн жижиглэнгийн үнэ огцом нэмэгдэх эрсдэлтэй байна. Жишээлбэл, Rolex Submariner загварын бугуйн цагны үнэ 10,000 ам.доллараас 14,000 ам.доллар болж өсч магадгүй. Онлайн худалдааны Bob’s Watches сайтын үүсгэн байгуулагч Пол Альтиери “Энэ татварын дарамтыг хэн үүрэх вэ гэдэг тодорхойгүй байна. Борлуулагчид эсвэл хэрэглэгчид үү?” хэмээн тодотгосон байна.
Швейцарын Nestlé компани АНУ-д бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг тул ихэнх бараа нь өндөр татвараас ангид байх төлөвтэй байдаг боловч тансаг зэрэглэлийн Nespresso кофены капсулууд бүгд Швейцарт үйлдвэрлэгддэг тул энэхүү бүтээгдэхүүн мөн адил татварт өртөх магадлалтай. RBC Capital Markets-ийн шинжээчдийн хэлснээр, “Nespresso-гийн АНУ дахь борлуулалт огцом өсөж байгаа хэдий ч үнэ өсөхөд хэрэглэгчдийн худалдан авалт буурах эрсдэл бий” хэмээн дурджээ.
Тэгвэл Швейцарын нэр хүндтэй гоо сайхны брэндүүд, тухайлбал La Prairie, Valmont, Mavala зэрэг нь тус улсад үйлдвэрлэдэг ба эдгээр нь эмийн бүтээгдэхүүний ангилалд багтахгүй учраас татвараас чөлөөлөгдөхгүй байх магадлалтай. Мөн Galderma (Cetaphil болон гоо сайхны тарилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч) нь бүтээгдэхүүний Швейцарт үйлдвэрлэдэггүй тул татвараас чөлөөлөгдөж байгаа боловч ЕХ болон Канад дахь үйлдвэрүүдээрээ дамжин тодорхой хэмжээний нөлөө хүлээж магадгүй болоод байна. Иймд Lombard Odier банкны тайланд дурдсанаар, 10-15%-ийн татвар бол компаниудын хувьд зохицуулах боломжтой боловч 39%-ийн татвар бол маш хүнд цохилт болохыг анхааруулав.
Cartier, Van Cleef & Arpels зэрэг үнэт эдлэл үйлдвэрлэгч Richemont групп мөн энэ татварын дарамтад өртөж болзошгүй. BofA Securities-ийн мэдээлснээр Richemont-ийн зардлын 7 хувь нь Швейцарт хамаарах тул хэрэглэгчид үнийн өсөлтөд шууд өртөх юм.
Швейцарын шоколад үйлдвэрлэгчдийн холбоо Chocosuisse-ийн захирал Рожер Вэрлигийн хэлснээр, “Уг гэнэтийн татварын дарамтыг шууд үнээр дамжуулан хэрэглэгчдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх боломжтой” гэдгийг онцолсон ба тэрбээр “Татварын хэмжээ 39% гэж байгаа боловч швейцар франкийн ханш өссөнтэй холбоотойгоор бодит өсөлт нь 55% хүртэл нэмэгдэх магадлалтай” гэж анхаарууллаа.
Toblerone шоколадын үйлдвэрлэгч Mondelez International компани нь үйлдвэрлэлээ Словак руу хэсэгчлэн шилжүүлснээр “Швейцар шоколад” гэсэн шошгыг ашиглах эрхгүй болсон. Үүнтэй адил, жижгэвтэр үйлдвэрлэгчид АНУ-д үйлдвэр байгуулах боломжгүй тул олон улсын стандардад нийцсэн чанарын “Швейцарт үйлдвэрлэв” гэх статусаа алдах эрсдэл хүлээх болоод байна.
Ийнхүү өндөр татвар ногдуулж буй нь АНУ-ын зүгээс импортоор нийлүүлж буй гадаад бүтээгдэхүүний үнийг зориудаар өсгөж, иргэдийн худалдан авах чадварыг багасган, тухайн импортын брэндийг бус дотоодын үйлдвэрлэгчдээс илүүтэй худалдан авалт хийх орчныг бүрдүүлэх алхам болж байна. Тус бодлогыг олон улсын эдийн засагчид болон улстөрчид ширүүн шүүмжилж буй.
Тухайлбал, Европын Холбооны худалдааны комиссар асан Сесилия Мальмстрём “Энэ бол Трампийн үеийн худалдааны үндсэрхэг хандлагын сэргэлт бөгөөд АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах нэрийн дор дэлхийн худалдааны чөлөөт зарчмыг зөрчиж байна” хэмээн мэдэгдсэн бол Оксфордын Их сургуулийн эдийн засагч, профессор Хелен Райнер “АНУ-ын ийм төрлийн тарифын бодлого нь богино хугацаанд дотоодын үйлдвэрлэлд дэмжлэг болох ч урт хугацаанд олон улсын итгэлцлийг алдагдуулж улмаар АНУ-ын эдийн засгийг тусгаарлагдмал байдалд хүргэх аюултай” хэмээн дүгнэжээ.
Олон улсын худалдааны байгууллагууд ч энэ бодлогыг “Татварын Шууд Бус Хамгаалалт” буюу “Disguised Protectionism” хэмээн тодорхойлж, Дэлхийн Худалдааны Байгууллагын суурь зарчимтай харш байгааг онцолж байна.