- И-баримтын бүртгэлийг бүрэн цахимжуулж, хэрэглэгчдэд илүү хялбар, шууд, алдаагүй системд шилжих ажлыг эхлүүлж байна.
- Хэрэглэгчийн регистрийн дугаар дансны системтэй холбогдон, татварын системд автоматаар шилжих боломж бүрдэж байна.
- Өнөөдрийн байдлаар CU сүлжээ, Хаан банк, Мобиком, Юнител зэрэг байгууллагууд хэрэглэгчдийн баримтыг автоматаар бүртгэх системд холбогдоод байна.

Монгол Улсын Засгийн газар татварын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх хүрээнд И-баримтын бүртгэлийг бүрэн цахимжуулж, хэрэглэгчдэд илүү хялбар, шууд, алдаагүй системд шилжих ажлыг эхлүүлж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугар энэ санаачилгын хүрээнд холбогдох төрийн болон санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаасан баримтыг халж, банкны карттай холбосон бүрэн автомат систем рүү шилжих боломжийг хэлэлцлээ.
Иргэдийн хувьд өнөөдрийг хүртэл худалдан авалт хийсний дараа баримтаа уншуулж, бүртгүүлэх шаардлагатай байсан. Гэвч баримт бүдэг хэвлэгдэх, гээгдэх зэрэг шалтгаанаар олон хүн буцаан олголтоо бүрэн авч чаддаггүй тохиолдол гардаг.
Энэхүү хүндрэлүүдийг шийдвэрлэх зорилгоор И-баримтын системийг банкны карт, төлбөрийн хэрэгсэлтэй шууд холбож, гүйлгээ бүр автоматаар бүртгэгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа юм. Хэрэглэгчийн регистрийн дугаар дансны системтэй холбогдон, татварын системд автоматаар шилжих боломж бүрдэж байна.
Өнөөдрийн байдлаар CU сүлжээ, Хаан банк, Мобиком, Юнител зэрэг байгууллагууд хэрэглэгчдийн баримтыг автоматаар бүртгэх системд холбогдоод байгаа бөгөөд энэ жишгээр бүх банк, байгууллагыг хамруулан төр-банк-иргэн гурвалсан интеграцтай цахим систем бий болгохоор ажиллаж байна.