bnr-0
Хятад дэвшилтэт үйлдвэрлэлээ эрчимжүүлж, дэлхийн худалдааны зөрчилдөөн хурцдах эрсдэлтэй байна
05 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа ням гарагт мэдэгдэв.
  • Харин энэ үед Хятад улс мөн дэвшилтэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бэхжүүлж байгаа нь хоёр орны зөрчилдөөнийг хурцатгах эрсдэлтэй байна.
  • Хятад улс 2019 онд ДНБ-ий 1.73 хувьтай тэнцэх санхүүжилтийг дэмжлэг үзүүлэх салбарууддаа зарцуулсан бол АНУ зөвхөн 0.39 хувийг л зарцуулжээ.
“Хятадад үйлдвэрлэв 2025” хэмээх 10 жилийн төлөвлөгөөг Хятадын удирдлагууд 2015 онд буюу Ши Жиньпин эрх барьснаас хоёр жилийн дараа танилцуулсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа ням гарагт мэдэгдэв. Харин хувцас, гутал зэрэг үйлдвэрлэлд ач холбогдол өгөхгүй гэдгээ онцоллоо. 

Харин энэ үед Хятад улс мөн дэвшилтэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бэхжүүлж байгаа нь хоёр орны зөрчилдөөнийг хурцатгах эрсдэлтэй байна. 

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин умард Хенянь мужид байрлах төрийн өмчит холхивчны үйлдвэрт зочлох үеэр, үйлдвэрлэлд суурилсан өсөлтийн стратегиа үргэлжлүүлнэ гэдгээ дахин баталжээ. 

“Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд түшиглэн дотоодын хэрэглээг хангах нь Хятадын зөв зам, эдийн засгийн тулгуур мөн” хэмээн тэрбээр онцолжээ. Дэлхийн банкны мэдээллээр Хятадын үйлдвэрлэлийн салбар 2023 онд ДНБ-ий 25 хувиас илүүг бүрдүүлж буй юм.

Трамп Хятадыг төрийн санхүүжилтээр дотоодын компаниудаа дэмждэг, шударга бус өрсөлдөөн үүсгэдэг гэж буруутгаж, худалдааны хэлэлцээрт энэхүү асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа аж.

“Хятадад үйлдвэрлэв 2025” хэмээх 10 жилийн төлөвлөгөөг Хятадын удирдлагууд 2015 онд буюу Ши Жиньпин эрх барьснаас хоёр жилийн дараа танилцуулсан. Уг хөтөлбөр нь Хятадыг цахилгаан автомашин, арилжааны онгоц, хагас дамжуулагч, робот зэрэг дэвшилтэт технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч болгох зорилготой юм. 

Стратеги ба олон улсын судалгааны төвийн (CSIS) 2022 оны тайланд дурдсанаар, Хятад улс 2019 онд ДНБ-ий 1.73 хувьтай тэнцэх санхүүжилтийг дэмжлэг үзүүлэх салбарууддаа зарцуулсан бол АНУ зөвхөн 0.39 хувийг л зарцуулжээ. 

Гэвч “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөр нь онгоц, робот зэрэг хэд хэдэн салбарт зорилтот үр дүнд хүрч чадаагүй. Мөн эрүүл бус дотоодын өрсөлдөөнийг бий болгож, улмаар дэлхийн худалдааны хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн хэмээн Хятад дахь Европын худалдааны танхим дүгнэжээ.   

mobile-logo