- E.l.f. Beauty компани Хэйли Биберийн үүсгэн байгуулсан Rhode хэмээх гоо сайхны брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсноо мэдэгдлээ.
- 2022 онд байгуулагдсан Rhode өнгөрсөн жил хэрэглэгчдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, 2024 онд 212 сая ам.долларын орлого олжээ.
- Харин энэ удаагийн Rhode-ийн худалдан авалт илүү өндөр орлоготой хэрэглэгчдэд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн туc компани үзэж байна.

E.l.f. Beauty компани Хэйли Биберийн үүсгэн байгуулсан Rhode хэмээх гоо сайхны брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсноо мэдэгдлээ.
Энэ нь FactSet-ийн мэдээлснээр E.l.f.-ийн түүхэнд дэх хамгийн том худалдан авалт бөгөөд 800 сая ам.доллар нь бэлэн мөнгө ба хувьцааны хосолсон хэлбэрээр, үлдсэн 200 сая ам.доллар нь ирэх гурван жилийн хугацаанд Rhode-ийн бизнесийн амжилтаас хамааран олгогдох аж.
“Би хэрэглэгчийн зах зээлд 34 жил ажилласан. Гэтэл энэ брэнд маш богино хугацаанд ийм амжилтад хүрсэн нь үнэхээр гайхмаар. Гурав хүрэхгүй жилийн хугацаанд ердөө 10 бүтээгдэхүүнтэй хэр нь зөвхөн онлайн борлуулалтаар 212 сая ам.долларын орлого олсон. Ийм зүйлийг би боломжтой гэж бодоогүй” хэмээн E.l.f.-ийн гүйцэтгэх захирал Таранг Амин CNBC-д өгсөн ярилцлагадаа дурдлаа.
“Rhode-ийг үүсгэн байгуулахдаа би өдөр тутамд хэрэглэх боломжтой арьс арчилгаа ба хайбрид нүүр будалтын бүтээгдэхүүнийг олон хүнд хүргэх зорилготой байсан. E.l.f.-тэй хамтран ажилласнаар бид дэлхий даяар илүү олон хэрэглэгчдэд илүү шинэлэг бүтээгдэхүүн хүргэх боломжтой боллоо” хэмээн Хэйли Бибер мэдэгджээ.
2022 онд байгуулагдсан Rhode өнгөрсөн жил хэрэглэгчдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, 2024 онд 212 сая ам.долларын орлого олжээ. Мөн энэ жил Хойд Америк болон Их Британийн Sephora дэлгүүрүүдээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Хэйли Бибер Rhode-ийн бүтээлч захирал ба инновацын удирдагч хэвээр үлдэх бөгөөд брэндийн маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээлч чиглэлүүдийг удирдах юм. Тус брэндийг Майкл ба Лорен Ратнер нар хамтран үүсгэн байгуулсан боловч Биберийн нэр хүнд ба нөлөө нь уг брэндийг тэрбум долларын үнэлгээтэй болоход нөлөөлж чадсан юм.
Харин E.l.f. компанийн хувьд арьс арчилгааны зах зээл рүү илүү гүн нэвтрэхээр зэхэж буй бөгөөд энэхүү худалдан авалт нь бүх насныханд, ялангуяа тус компанийн гол хэрэглэгч болсон залуу хүмүүсийн сонирхлыг илүү татахад тус болох юм. 2023 онд тус компани Naturium арьс арчилгааны брэндийг 355 сая ам.доллароор худалдан авч байв. Харин энэ удаагийн Rhode-ийн худалдан авалт илүү өндөр орлоготой хэрэглэгчдэд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн туc компани үзэж байна.