OpenAI компани Meta, Mistral болон DeepSeek-тай өрсөлдөхүйц хямд өртөгтэй загваруудыг танилцууллаа
08 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • OpenAI компани gpt-oss-120b болон gpt-oss-20b хэмээх хоёр хэлний загварыг гаргалаа.
  • Эдгээр нь хөгжүүлэгчид, судлаачид ашиглахад хялбар, хямд өртөгтэй, хүртээмжтэй хувилбар байхаар бүтээгдсэн.
  • OpenAI тус загваруудад аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй сургалт, туршилт явуулсан гэж мэдэгдлээ.
OpenAI компани хиймэл оюуны хоёр шинэ загварыг олон нийтэд нээлттэй болголоо.

OpenAI компани хиймэл оюуны хоёр шинэ загварыг олон нийтэд нээлттэй болголоо. Эдгээр загваруудыг gpt-oss-120b болон gpt-oss-20b хэмээн нэрлэсэн бөгөөд тэдгээр нь текст боловсруулах чадвартай, хямд өртөгтэй, нээлттэй эхийн загварууд юм. OpenAI-ийн мэдэгдэж буйгаар эдгээр загвар нь программ хөгжүүлэгчид, судлаачид болон мэдээллийн технологийн инженерүүдэд өөрсдийн хэрэгцээ, системдээ тохируулан ашиглахад хялбар, хүртээмжтэй байхаар бүтээгдсэн аж.

Өмнө нь OpenAI компани GPT загваруудын сургалтын явцад олж авсан жинг буюу параметрүүдийг олон нийтэд нээлттэй болгож байгаагүй бол энэ удаад анх удаа “Open Weight” буюу нээлттэй жинтэй загварын хэлбэрээр нийтэд ил болгож буй нь энэ аж. Жин гэдэг нь хиймэл оюуны загвар ямар оролтод ямар гаралт өгөхийг тодорхойлдог тоон утгууд бөгөөд эдгээр утгуудыг загвар олон хэмжээний өгөгдөл дээр сургалтын явцад олж авдаг тул жинг тухайн загварын “оюун ухаан” гэж үзэж болно.

“Open weight” загвар гэдэг нь сургалтын явцад олж авсан жинг олон нийтэд ил болгож, хүссэн хүн өөрийн системдээ татаж авч ажиллуулах боломжтой загварыг хэлдэг бөгөөд энэ нь нээлттэй эх сурвалжийн (open source) загвараас ялгаатай. Учир нь нээлттэй эх сурвалжийн загварууд нь жингээс гадна бүтцийн код, сургалтын алгоритм, өгөгдлийн эх сурвалж зэрэг бүх элементийг хамардаг бол нээлттэй жинтэй загварууд зөвхөн сургалтаас олж авсан тоон мэдлэг буюу жинг ил болгож Hugging Face болон GitHub зэрэг платформоос Apache 2.0 лицензийн дагуу олон нийтэд чөлөөтэй татаж авах боломжийг олголоо.

Сүүлийн жилүүдэд Meta, Microsoft-ийн дэмжлэгтэй Mistral AI, мөн Хятадын DeepSeek зэрэг технологийн томоохон компани мөн адил нээлттэй жингийн загваруудыг гаргаж эхэлсэн нь энэхүү чиг хандлагыг улам тэлж байна. OpenAI-ийн ерөнхийлөгч Грег Брокман сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, нээлттэй экосистемийн хөгжил маш сонирхолтой бөгөөд тус байгууллага энэхүү хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

OpenAI компани эдгээр шинэ загваруудыг төрөл бүрийн техник хангамжид тохируулан оновчтой ажиллуулахын тулд Nvidia, AMD, Cerebras, Groq зэрэг техник хангамж үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласан байна. Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг хэлэхдээ, OpenAI өмнө нь Nvidia-ийн хиймэл оюуны чип дээр өндөр чадвартай систем бүтээж чадсаныг харуулсан бол одоо нээлттэй эх сурвалжийн программ хангамжийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.

OpenAI-ийн зүгээс аюулгүй байдлын туршилтыг нарийн төвөгтэй шат дарааллаар гүйцэтгэсэн бөгөөд сургалтын эхний үе шатанд химийн, биологийн, цацраг идэвхт болон цөмийн хортой агуулгатай өгөгдлүүдийг системээс шүүж хассан байна. Мөн тэдгээр загваруудыг санаатайгаар муу зорилгоор ашиглах боломжийг дуурайлган туршиж үзсэн ба “Preparedness Framework” гэх аюулын түвшин тодорхойлох аргаар дүгнэсэн аж.

Gpt-oss-120b болон gpt-oss-20b загварууд нь ахисан түвшний логик сэтгэхүй, хэрэглэгчийн зааврыг шат дараатайгаар ойлгох, багаж хэрэгсэл ашиглах чадвартай бөгөөд эдгээрийг зөөврийн компьютер, ухаалаг гар утас, дотоод сервер эсвэл үүлэн системд ч ашиглах боломжтой аж. Жишээлбэл, хэрэглэгч gpt-oss-20b загварыг зөөврийн компьютертоо ашиглан хувийн файл хайх, текст бичих, AI туслах байдлаар ашиглаж болно.

Эцэст нь, OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман эдгээр загвар нь хэдэн тэрбум ам.долларын судалгаа, хөгжүүлэлтийн үр дүн бөгөөд тэднийг дэлхий нийтэд нээлттэй болгож, хиймэл оюуны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа онцолсон юм.  

mobile-logo