"Mars" компани уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй какаоны сорт хөгжүүлнэ
08 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Mars компани CRISPR технологийг ашиглан какаоны ургацаа уур амьсгалын өөрчлөлт, өвчлөлд тэсвэртэй болгохыг зорьж байна.
  • CRISPR нь ген засварлах орчин үеийн хэрэгсэл бөгөөд ургамлын ДНХ-д богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлт оруулдгаараа давуу талтай аж.
  • Pairwise компанийн мэдээлснээр, ген засварлах нь уламжлалт техникээс илүү хурдан бөгөөд нарийвчлалтайгаар ургамлын шинж чанарыг хөгжүүлэх боломжтой.
Ген засварлах нь уламжлалт техникээс илүү хурдан бөгөөд нарийвчлалтайгаар ургамлын шинж чанарыг хөгжүүлэх боломжтой

АНУ-ын чихэр үйлдвэрлэгч Mars компани биотехнологийн Pairwise компанитай хамтран ажиллах болсон талаар лхагва гарагт мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэд CRISPR ген засварлах технологи ашиглан шинэ сортын какао боловсруулах ажлыг эрчимжүүлэх зорилготой аж.

Гэрээний дагуу Mars компани Pairwise-ийн Fulcrum платформд нэвтрэх боломжтой болж байгаа юм. Тус платформ нь ургамлын шинж чанаруудын санг агуулдаг бөгөөд энэ нь Mars компанид какаоны ургацаа аливаад илүү тэсвэртэй, бат бөх болгоход тусална гэж үзэж байна.

CRISPR бол ген засварлах орчин үеийн хэрэгсэл бөгөөд ургамлын ДНХ-д богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлт оруулдгаараа давуу талтай аж. Хөдөө аж ахуйн салбарт уг технологийг хэт халалт болон ургамлын аливаа өвчинд тэсвэртэй шинж чанаруудыг оновчтой сайжруулахад өргөн ашигладаг байна.

Mars компанийн гол зорилго бол какаоны ургамал буюу какао шошны эх үүсвэр болсон ургамлыг өвчин, хэт халалт, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх стрессийг тэсвэрлэх чадвартай болгоход чиглэж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхий даяар шоколадны хангамж эрсдэлд ороод буй билээ.

Энэ чиглэлээр ажиллаж буй ганц компани зөвхөн “Mars ч биш. Өнгөрсөн аравдугаар сард Starbucks компани Төв Америкт хоёр инновацын фермд хөрөнгө оруулалт хийж, дэлхийн дулаарлаас кофены нийлүүлэлтээ хамгаалахыг зорьж буй. Эдгээр ферм нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй кофены тариалалтыг хөгжүүлж, дрон, автоматжуулалт зэрэг технологийг туршиж байгаа юм.

Pairwise компанийн мэдээлснээр, генийн засвар нь уламжлалт техникээс илүү хурдан бөгөөд нарийвчлалтайгаар ургамлын шинж чанарыг хөгжүүлэх боломжтой аж.

Сүүлийн жилүүдэд CRISPR технологи нь эрүүл мэндийн салбарт ч анхаарал татаж байгаа. 2023 оны сүүлээр, АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) уг технологид суурилсан анхны генийн засварын эмчилгээг албан ёсоор баталсан юм.

Mars компанийн Байгаль орчин, ургамлын шинжлэх ухааны хэлтсийн гүйцэтгэх захирал Карл Жонс “Бид CRISPR технологи нь ургацыг сайжруулах замаар дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих, бэхжүүлэх бүрэн чадамжтай гэдэгт итгэдэг” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.  

mobile-logo