Судалгаа: Шарсан төмс тогтмол идэх нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг
08 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Cудалгаагаар долоо хоногт гурван удаа шарсан төмс иддэг хүмүүсийн хувьд II/хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэл 20 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ.
  • Харин чанасан, жигнэсэн эсвэл нухсан төмс хэрэглэх нь уг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болох нь ажиглагджээ.
  • Төмсийг оливын тос, авокадоны тос ашиглан гэрийн нөхцөлд зууханд болгох нь өвчний эрсдэлийг багасгадаг аж.
Шарсан төмс тогтмол идэх нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

АНУ-д 40 орчим жилийн турш хийгдсэн өргөн хүрээний судалгаагаар долоо хоногт гурван удаа шарсан төмс иддэг хүмүүсийн хувьд II/хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэл 20 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. Тус судалгааг 1984-2021 оны хооронд хийсэн бөгөөд АНУ-ын 205,000 гаруй насанд хүрсэн иргэдийн хоолны дэглэм, зуршлыг анкетын аргаар судалжээ.

Төмс хэрэглэдэг оролцогчдын дунд чихрийн шижингээр өвчилсөн эсэхийг нарийвчлан шинжилсэн бөгөөд шарсан төмс иддэг хүмүүсийн дунд эрсдэл өндөр байгааг тогтоосон байна. Харин чанасан, жигнэсэн эсвэл нухсан төмс хэрэглэх нь уг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болох нь ажиглагджээ.

“Төмс болгон адилгүй. Бага хэмжээгээр, долоо хоногт нэгээс ч бага удаа шарсан төмс идэх нь ч мөн адил эрсдэлийг нэмэгдүүлж байна,” хэмээн тус судалгааны ахлах ажилтан, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор Сейед Мохаммад Мусави онцолжээ.

Шарсан төмсийг ихэвчлэн транс болон ханасан өөх тос агуулсан тосонд гүн шардаг. Энэ төрлийн тос нь инсулины үйлчлэлийг бууруулж, цусан дахь сахрын хэмжээг хэвийн барих чадварыг алдагдуулдаг. Мөн таргалалт, үрэвсэл үүсгэж, улмаар чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийг бүрдүүлдэг байна. 

Доктор Мусавигийн зөвлөж буйгаар, төмсийг оливын тос, авокадоны тос ашиглан гэрийн нөхцөлд зууханд болгох нь өвчний эрсдэлийг багасгадаг аж. Мөн төмсийг бүхэл үрийн бүтээгдэхүүнээр орлуулах нь илүү үр дүнтэй юм.   

mobile-logo