- Хоолны сав, ундаа, амттан зэрэг бүхий л сав баглаанд пластик буюу хуванцар агуулагдаж байдаг бөгөөд үүнээс улбаалан бидний биед микро хуванцрын хэсгүүд байнга шингэж байдгийг судалгаагаар тогтоосон.
- Хамгийн гол солих шаардлагатай таван зүйлсийг шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
- Микрофибер нь хуванцраас гаралтай синтетик материалаар хийгддэг ба угаах, үрэх үед микропластик ялгаруулдаг.

Хуванцар материалын хор хөнөөлийн талаарх шинэ шинэ судалгаанууд тогтмол гарч ирж буй энэ үед бид гал тогооны хэрэгслээ өөрчлөх хэрэгтэй эсэх нь эргэлзээ төрүүлээд буй. Бидний өдөр тутмын хэрэглээнд хуванцар материал агуулагдаж байдаг. Хоолны сав, ундаа, амттан зэрэг бүхий л сав баглаанд пластик буюу хуванцар агуулагдаж байдаг бөгөөд үүнээс улбаалан бидний биед микро хуванцрын хэсгүүд байнга шингэж байдгийг судалгаагаар тогтоосон.
Юуны түрүүнд бид бүх гал тогооны хэрэгслээ солих шаардлагагүй аж. Хамгийн гол солих шаардлагатай таван зүйлсийг шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
Наалдахгүй гадаргуутай хайруулын тавгийг төмөр эсвэл ган хайруулын тавгаар солих
Тефлон бүрээстэй тавганд фторжуулсан полимер буюу PFAs хэмээх пластик төрлийн химийн бодис ашиглагддаг. Эдгээр нь хортой бөгөөд метал халбага гэх мэт зүйлсээр маажих үед бүрээслэг давхарга нь ховхрон хоолонд орж болзошгүй. UMass Amherst их сургуулийн Химийн инженерийн багш Анна Мари ЛаЧэнс зөвлөж байгаагаар цутгамал төмөр таваг нь байгалийн наалддаггүй шинжтэй ба зууханд шууд хийж болдог, мөн арчилгаа нь тийм ч төвөгтэй биш юм.
Микрофибер алчуурыг хөвөн алчуураар солих
Микрофибер нь хуванцраас гаралтай синтетик материалаар хийгддэг ба угаах, үрэх үед микропластик ялгаруулдаг.
Шинжлэх ухааны харилцаа холбооны зөвлөх доктор Меган Майерийн хэлснээр дэлхийн далай тэнгис дэх микропластикийн 35% нь нэхмэл бүтээгдэхүүнээс гардаг. Харин хөвөн нь байгалийн гаралтай, шингээлт сайтай, бат бөх тул гал тогоонд хэрэглэхэд тохиромжтой.
Хуванцар хэрчигч хавтанг модон хавтангаар солих
Байгаль орчны эрдэмтэн доктор Женнифер Брандоны дурдсанаар хуванцар хавтан дээр хүнсийг хэрчих нь жилдээ 50 грамм орчим хуванцар ялгаруулдаг байна.
Капсул оролттой кофены машиныг стандарт кофе машинаар солих
Халуун ус капсул дундуур урсах нь олон төрлийн микропластик үүсгэх магадлалтай бөгөөд эдгээр капсулыг дахин боловсруулах нь хүндрэлтэй байдаг аж.
Хуванцар халбага, хутгуурыг силикон эсвэл зэвэрдэггүй ган хутгуураар солих
Хуванцар халбага нь халуун орчинд их хэрэглэгддэг тул микропластик, химийн бодис ялгаруулах эрсдэлтэй байдаг.