- 36.5 гигаваттын хүчин чадалтай 102 станц сүүлийн 4 жилд хаагдсан, эдгээрийг сэргээх зардал маш өндөр.
- Нүүрсний станцуудын дундаж наслалт 56 жил учир засвар үйлчилгээ ихээхэн шаардлагатай.
- АНУ-ын эрчим хүчний 80 гаруй хувийг сэргээгдэх болон илүү хэмнэлттэй эх үүсвэрүүд хангаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаагдсан нүүрсний цахилгаан станцуудыг дахин ажиллуулах тухай шинэ зарлиг нь “эдийн засгийн хувьд утгагүй” хэмээн IEEFA буюу Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн дүн шинжилгээний хүрээлэн мэдэгдэв.
Тус байгууллагын тайланд дурдсанаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хаагдсан нүүрсээр ажилладаг 102 станцыг дахин ажиллуулахыг уг зарлиг дэмжиж байгаа ч эдгээрийн ихэнх нь техник болон санхүүгийн хувьд найдвартай ажиллах боломжгүй болсон аж. Станцуудын нийт хүчин чадал 36.57 гигаватт бөгөөд тэдгээрийн дундаж наслалт 56 жил болжээ. Энэ нь өндөр зардалтай засвар болон ашиглалтын ачаалал дагуулна гэсэн үг юм.
IEEFA-гийн тайланд “Сэргээхийг хүссэн цахилгаан станцуудын ихэнх нь ашиглалтын насжилт өндөртэй, шаардлагатай засвар үйлчилгээнээс болж хойшлогдсон ажлууд ихтэй. Эдгээрийг дахин ашиглалтад оруулахад асар их хөрөнгө оруулалт шаардлагатай” хэмээн дурджээ.
2000 онд нүүрсний станцууд АНУ-ын цахилгаан эрчим хүчний 50 хувийг бүрдүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 20 хувиас доош оржээ. Үлдсэн нүүрсний станцуудын ачааллын хувьд жилдээ дунджаар 40 хувьтай л ажиллаж байгаа аж.
Мөн цахилгаан эрчим хүчний хэрэглээ дата төвүүдийн эрэлтээс хамаарч өсөж буй энэ үед ихэнх эрчим хүч үйлдвэрлэгчид нар, салхи болон зай хураагуурт суурилсан илүү хямд зардалтай, үр ашигтай шийдлүүд рүү шилжээд буйг тайланд онцолжээ.
“Татвар төлөгчдийн мөнгийг найдвартай бус, өндөр зардалтай, ирээдүйн үр ашиг нь тодорхойгүй хуучин нүүрсний станцуудыг дахин ажиллуулахад зарцуулах нь эдийн засгийн ч төдийгүй ухаалаг бодлогын үүднээс ч огт үндэслэлгүй” гэж IEEFA мэдэгдсэн байна.