bnr-0
Хэдэн аяга кофе “хэт их” кофе вэ?
04 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Ихэнх эрүүл, насанд хүрэгчид өдөрт 400 мг хүртэл кофеин уух нь аюулгүй бөгөөд эрүүл мэндэд зарим талаараа тустай гэж тооцогддог.
  • Харин 50-аас дээш насныхан буюу ахимаг насны хүмүүст өдөрт 200-300 мг кофеин хэрэглэх нь зүйтэй.
  • Хэрвээ та кофе уухгүй бол сэргэг байж чаддаггүй, эсвэл кофе уухгүй үед толгой өвдөж, бухимддаг бол энэ нь таны бие кофеинд хэт их хамааралтай болсны шинж байж магадгүй.
Нас ахихын хэрээр бидний биеийн кофеинд үзүүлэх хариу урвал улам мэдрэмтгий болдог.

Өдөрт дунджаар 400 миллиграмм хүртэл кофеин (ойролцоогоор 4 аяга кофе) хэрэглэх нь ихэнх насанд хүрэгчдэд аюулгүй гэж үздэг. Энэхүү хэмжээ нь ихэвчлэн эрүүл залуу хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэггүй ч, зарим тохиолдолд уур уцаартай болох, сэтгэл түгших зэрэг шинжийг дагуулах нь бий.

Харин нас ахисан хүмүүс, ялангуяа зүрх судасны архаг өвчтэй бол кофеин нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг түргэсгэж, зарим тохиолдолд зүрхний хэм алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. 

Нас ахихын хэрээр бидний биеийн кофеинд үзүүлэх хариу урвал улам мэдрэмтгий болдог. Энэ нь яагаад ихэнх оюутнууд оройн цагаар олон аяга кофе, тэр ч бүү хэл энергийн ундаа уусан ч унтаж чаддаг байхад, ахмад насныхан өдрийн 3 цагаас хойш нэг аяга кофе уусан ч шөнөжин нойргүй хэвтдэгийг тайлбарлаж болж байгаа юм.

“Нас ахихын хэрээр хүмүүс кофеинд илүү мэдрэмтгий болдог, үүний зэрэгцээ кофеин задалж боловсруулах ч мууддаг. Зарим судалгаанд ахмад насныхны хувьд кофеин задлахад 30 хувиар илүү хугацаа зарцуулдаг гэж үзсэн,” гэж UCLA Health-ийн клиник тэжээл судлаач, доктор Вижая Сурампүди хэлэв. 

Түүнчлэн зарим судалгаагаар кофе уудаг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл бага, зарим төрлийн хорт хавдар болон чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн эрсдэл бага байдгийг тогтоожээ. Өдөөх үйлчилгээтэй кофеин нь сэтгэл санааг сайжруулах, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж мөн үздэг.

Тиймээс кофеины тэнцвэртэй хэрэглээ маш чухал. Хэтрүүлэхгүй байх нь гол зарчим байдаг аж.

Тэгвэл хэдэн аяга кофе зөв бөгөөд тэнцвэртэй хэрэглээ вэ

Ихэнх эрүүл, насанд хүрэгчид өдөрт 400 мг хүртэл кофеин уух нь аюулгүй бөгөөд эрүүл мэндэд зарим талаараа тустай гэж тооцогддог. Энэ нь ойролцоогоор 3-4 аяга кофе буюу американо, эсвэл 5-6 эспрессо шот, эсвэл 8-10 аяга хар цайтай тэнцэнэ.

Харин 50-аас дээш насныхан буюу ахимаг насны хүмүүст өдөрт 200-300 мг кофеин хэрэглэх нь зүйтэй. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 200 мг-аас хэтрүүлэхгүй байх ёстой буюу ойролцоогоор 1-2 аяга кофе уух нь зохистой аж.

Хэрвээ та кофе уухгүй бол сэргэг байж чаддаггүй, эсвэл кофе уухгүй үед толгой өвдөж, бухимддаг бол энэ нь таны бие кофеинд хэт их хамааралтай болсны шинж байж магадгүй.   

mobile-logo