- Алт 2025 онд 12 удаа дээд амжилт тогтоож, 3000 ам.долларын босгыг давлаа.
- Зарим шинжээч оргил цэгтээ хүрсэн гэж үзэж болгоомжтой байхыг санал болгов.
- Алтны ETF сангууд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэлбэр хэвээр байна.

2025 он гарсаар дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал давамгайлсны зэрэгцээ алтны үнэ эрс өсөн 12 удаа дээд амжилт тогтоож, нэг унци нь 3000 ам.доллараас давсан нь зах зээлийн гол сэдэв болоод байна. АНУ, Хятадын хоорондын тарифын зөрчил, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг нь хөрөнгө оруулагчдыг “аюулгүй хөрөнгө оруулалт” гэгддэг алт руу хошуурахад хүргэсэн билээ.
Гэхдээ одоо алт авбал оройтсон уу гэдэг асуулт гарч ирж байна. “Wells Fargo” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Самир Саманагийн үзэж буйгаар “Алтанд орох хамгийн тохиромжтой үе өнгөрсөн. Хэт өөдрөг хандлага давамгайлж, үнэ аль хэдийнэ оргилдоо хүрсэн байж магадгүй” гэв. Тэрбээр мөн “одоо орсон хүмүүс хожим харамсах магадлалтай” гэж анхааруулав.
Харин зарим шинжээч эсрэг байр суурьтай байна. “The Daily Gold” сайтын үүсгэн байгуулагч Жордан Рой-Берн “Алтны үндсэн үнэ цэн өсөн нэмэгдэх үедээ явж байгаа. Одоохондоо оргилдоо хүрээгүй учраас ирэх жилүүдэд өсөлт үргэлжилнэ” гэж үзэж байна. Иймд хэн нэгний таамаг бус, хөрөнгө оруулалтын зорилго, хөрөнгийн хуваарилалтдаа нийцүүлэн шийдвэр гаргах нь илүү чухал болж байна.
Алтанд орох хамгийн тохиромжтой үе өнгөрсөн. Хэт өөдрөг хандлага давамгайлж, үнэ аль хэдийнэ оргилдоо хүрсэн байж магадгүй
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар алтанд хөрөнгө оруулах хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол алтны үнийн хөдөлгөөнийг дагадаг биржийн арилжааны сангууд буюу ETF-д хөрөнгө оруулах юм. SPDR Gold Shares (GLD), iShares Gold Trust (IAU) зэрэг нь алтны хамгийн том ETF бөгөөд тэдгээрт хөрөнгө оруулснаар шууд гулдмай, алтан зоос хадгалах шаардлагагүй агаад хадгалалтын эрсдэл ч бага байдаг. Ерөнхийдөө нийт хөрөнгө оруулалтынхаа 3 орчим хувийг алтанд хуваарилах нь зохистой гэж шинжээчид үздэг байна.
Зарим хүмүүсийн хувьд гулдмай, зоос хэлбэрийн бодит алт нь санхүүгийн “даатгал” гэж тооцогддог. Тухайлбал, АНУ-ын “Costco” сүлжээ дэлгүүр нэг унцийн гулдмайг худалдаанд гаргаснаар сар бүр 200 сая ам.долларын орлого олсон гэж тооцоолол гарсан байна.
Үнэт эдлэл ч мөн хөрөнгө оруулалтын нэг төрөл мөн. Cartier, Tiffany&Co, Van Cleef & Arpels зэрэг дэлхийд танигдсан брэндийн нэрийн хуудас болсон классик загварууд зах зээлд үнэ цэнээ улам бүр нэмсээр байна.
Эцэст нь дүгнэхэд, алт худалдаж авах нь ашигтай эсэхийг “одоо өсөх үү, буурах уу” гэх богино хугацааны асуултаар бус, харин таны хөрөнгө оруулалтын стратеги, эрсдэл даах чадвартай уялдуулан шийдэх нь хамгийн ухаалаг алхам болохыг шинжээчид зөвлөж байна.