- АНУ-ын тарифын өөрчлөлтөөс үүдэн зэсийн үнэ энэ сард 7.4 хувь унаж, даваа гарагт 9,154.5 ам.долларын ханштай байна.
- Хятад 34 хувийн тариф зарласнаар уул уурхайн компаниудын хувьцааны ханш унав.
- Чили энэ онд зэсийн ханшийн төсөөллөө бууруулж, шинжээчид тонн тутамд 6,600 ам.доллар хүрч болзошгүйг анхааруулав.

Дэлхийн зэсийн зах зээлд сүүлийн хэдэн долоо хоногт урьд байгаагүй огцом хэлбэлзэл үүссэнээр олборлогч компаниуд болон хөрөнгө оруулагчид болгоомжлолд автаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайны шинэ үе шат буюу богино хугацаат шахалт зэсийн ханшийн тогтмол өсөлтийг шууд нураалаа.
Хэдхэн долоо хоногийн өмнө нэг тонн зэсийн үнэ 12,000 ам.доллар хүрч магадгүй гэсэн өөдрөг хүлээлт зах зээлд давамгайлж байсан бол дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Лондоны Металлын Биржид огцом унаж, тонн тутамд 8,700 ам.доллар хүрч буурав. 7 хувь хол давсан энэхүү хямрал зөвхөн зах зээлийн мэдрэмжээр зогсохгүй стратегийн гол тоглогчдын байр суурийг өөрчилж байна.
Тарифын хугацааг товчилсон нь олон орны худалдаачдыг сандралд оруулж АНУ руу түүхий эд их хэмжээгээр зөөхөд хүргэсэн. Үр дүнд нь АНУ-ын агуулахуудад зэс хэт ихээр хуримтлагдаж, бусад худалдан авагч орнуудын сонирхол буурчээ. Хамгийн том худалдан авагч Хятад улс хариу арга хэмжээ авч, АНУ-аас импортолж буй бүх бараанд нэмэлт тариф тогтоох шийдвэр гаргаснаар Freeport-McMoRan, Rio Tinto, BHP Group зэрэг уул уурхайн аваргуудын хувьцаа хэдэн тэрбумаар үнэгүйдсэн юм.
Тэрчлэн дэлхийн хамгийн том зэс экспортлогч Чили улс зах зээлийн ирээдүйн уналтыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Чилийн төрийн агентлаг “Cochilco” 2025 оны ханшийн таамгийг тонн тутамд 9,370 ам.доллароос доош бууруулах талаар мэдэгдсэн бол зарим шинжээч энэ үзүүлэлт 6,600 ам.доллар хүрэх эрсдэлийг тооцоолж эхэлсэн байна.
Банк болон хөрөнгө оруулалтын томоохон сангууд ч санаа зовниж эхэлжээ. “Citigroup” болон “BNP Paribas”-ийн шинжээчид зэсийн салбар түүхэн сорилтын өмнө ирээд байна гэж үзэж байхад “Goldman Sachs” зэсийн ханш урт хугацаандаа өснө гэсэн хүлээлттэй хэвээр байгаа ч ойрын хугацаанд өсөлт удааширна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин “JPMorgan” илүү болгоомжтой байр суурь илэрхийлж, АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал өндөр учраас зэс дагаад суларна гэж анхаарууллаа.
Зэс бол зөвхөн түүхий эд биш, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний зүрх гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо. Хэрвээ худалдааны зөрчил илүү гүнзгийрвэл сэргэлт ойрын хэдэн жилдээ ирэхгүй байхыг үгүйсгэх аргагүй байна.