
Өрхийн орлогоос үл хамааран Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламж, Насны хишиг тэтгэмж, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг манай улсад олгодог.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгааны дүнд хамгийн багадаа нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох нь зохистой гэдэг зөвлөмж гарсан байна. Мөн хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийн 30 орчим хувь нь банкны хадгаламж болон шилждэг тооцоо гарчээ. Дээр дурдсан тусламж, тэтгэмж зэргээр халамжийг хавтгайруулан олгодог болсныг цэгцлэх шаардлагатай хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолсон байна.
Улмаар салбарын яам өнөөгийн байдлаар нэг хүүхдийг өсгөхөд шаардлагатай зардлыг тооцож гаргаад үүндээ үндэслэн өрхийн орлогыг хүүхдийн тоотой харьцуулж, нийт хүүхдийн хэдэн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тооцооллыг гаргах нь оновчтой хэмээн үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ хүүхдийн мөнгөн тэтгэмж нь амьжиргааны зардал уу, хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт уу гэдгийг тодорхойлох шаардлагатайг тодотгож байгаа ба өнөөдрийн байдлаар Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт хэмээн салбарын яам онцоллоо.