- Хөнгөн агуулгатай мэдээлэл тасралтгүй авах нь тархийг хэт ачааллуулж, анхаарал төвлөрөх, шийдвэр гаргах зэрэгт сөргөөр нөлөөлдөг.
- Хүмүүсийн дэлгэц дээр төвлөрөх дундаж хугацаа 2004 онд 2.5 минут байсан бол 2016 он гэхэд дөнгөж 47 секунд болж багассан байна.
- Ном, урт нийтлэл зэргийг унших нь илүү гүнзгий анхаарал төвлөрөл шаарддаг учир тархийг илүү идэвхтэй ажиллуулдаг аж.

“TikTok”, “YouTube”, “Instagram”, “Facebook” зэрэг платформ дээр хүмүүс минут тутамд хэдэн сая контент үзэж, төдий чинээгээр мэдээлэл хүлээн авдаг. Гэвч ийм тасралтгүй, хөнгөн агуулгатай мэдээлэл тархийг хэт ачааллуулж, анхаарал төвлөрөх, шийдвэр гаргах, зорилгодоо тууштай байх зэрэг чухал сэтгэхүйн үйл явцад сөргөөр нөлөөлдөг болохыг сэтгэл судлаач Глориа Марк онцолжээ.
Түүний судалгаагаар, хүмүүсийн дэлгэц дээр төвлөрөх дундаж хугацаа 2004 онд 2.5 минут байсан бол 2016 он гэхэд дөнгөж 47 секунд болж багассан байна. Энэ нь ихэвчлэн богино эсвэл хошин шинжтэй контентуудыг хэт их хүлээн авсантай холбоотой аж. Ийм төрлийн контент нь бидний анхаарлыг түр хугацаанд татдаг ч, гүн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэггүй. Харин ном, урт нийтлэл зэргийг унших нь илүү гүнзгий анхаарал төвлөрөл шаарддаг учир тархийг илүү идэвхтэй ажиллуулдаг байна.
Тэгвэл хувцас загварын оюутан Мария Паула Колменарес ч энэ асуудлыг биеэрээ мэдэрчээ. Тэрбээр “TikTok” дээрээс үзсэн зүйлсээ огт санахгүй байгаагаа анзаарсан даруйдаа хэрэглээ, зуршлаа өөрчилсөн байна. Одоо тэр богино контентоос хол байж, илүү гүн агуулгатай мэдээ, нийтлэл уншихыг зорьдог болсон бөгөөд подкаст сонсох, ном унших зэрэгт илүү цаг зарцуулдаг болсон гэнэ.
Анхаарал төвлөрлөө сэргээх зөвлөмж:
-
Өдөр бүр цаг гарган, ном эсвэл сонирхолтой нийтлэл унших
-
Гар утаснаас бус, цаасан дээр хэвлэж унших
-
Чөлөөт цагаараа утаснаас холдож, гадаа алхах, эсвэл хүмүүстэй ярилцах
-
Бясалгах, тайван орчин бүрдүүлж, өөртөө төвлөрөх
Колменарес “Одоо бодол минь илүү цэлмэг болж, өөртэйгөө болон бусадтай илүү сайн холбогдож чаддаг болсон” гэжээ. “Эхлэх мэдээж хамгийн хэцүү. Харин нэг эхэлчихвэл, цаашаа улам л амархан болдог” хэмээн тэр ярьжээ.