- LVMH-ийн нэгдүгээр улирлын орлого 3% буурч хөрөнгө оруулагчдын хамгийн даруухан таамгаас ч доогуур байв.
- Вино, архины борлуулалт 9% унаж, АНУ, Хятадын эрэлт сулрав.
- Тансаг хэрэглээний салбар нийтээрээ уналтад орж, Kering, Burberry, Richemont зэрэг компаниудын хувьцаа ч доошлов.

Дэлхийн хамгийн том тансаг хэрэглээний компани болох LVMH энэ долоо хоногийн мягмар гарагт нэгдүгээр улирлын орлогоо олон нийтэд зарласны дараа хувьцааны ханш нь 8% унажээ. Уг тайлан нь шинжээчдийн хүлээлтээс хамаагүй доогуур гарсан бөгөөд хамгийн даруухан хүлээлтээс ч давсангүй гэж Citi-ийн шинжээчид дүгнэв.
Нийт орлого өмнөх оны мөн үеэс 3% буурсан бол вино, архины борлуулалтад хамгийн их уналт ажиглагдсан бөгөөд 9% унасан байна. Хамгийн их уналттай бүсүүдэд АНУ, Хятад багтсан ба геополитикийн хурцадмал байдал нь коньякны эрэлтийг бууруулжээ. Мөн тансаг загвар болон арьсан бүтээгдэхүүний орлого 5% буурч бугуйн цагны борлуулалт л тогтвортой гарсан байна.
Ийнхүү LVMH-ийн тайлан нийт тансаг хэрэглээний салбарыг доош татаж Kering компанийн хувьцаа 2.5%, Burberry 4.2%, Richemont 2.26% буурчээ. Jefferies-ийн шинжээчид тус компанийн хувьцааны зорилтот үнийг тун огцом буюу 670 еврогоос 510 евро болгон бууруулсан бол Citi-ийн шинжээчид хоёрдугаар улирал болон гуравдугаар улиралд тус компанийн борлуулалт өсөх боломж сул хэмээн тодорхойлжээ.
LVMH-ийн Санхүүгийн захирал Сесиль Кабанис “гадаад худалдааны нөхцөл цаг тутамд өөрчлөгдөж байгаа нь бизнес эрхлэхэд хүндрэл учруулж байна” гэж тайлбарласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “харилцан адил” тарифын бодлого түр хойшлогдоод байгаа ч энэ нь тансаг хэрэглээний нийт сүлжээ, худалдан авалтад эргэлзээ төрүүлж салбарын ирээдүйд тодорхой бус байдлыг бий болгож байна. Хэдий өндөр зэрэглэлийн брэндүүд өртгөнд гарсан өсөлтийг хэрэглэгчид рүү шилжүүлэх боломжтой ч Хятад, АНУ зэрэг гол зах зээл дээр эрэлт суларч буй нь салбарын сэргэх төлвийг хойшлуулах эрсдэлтэй хэвээр байна.