- 2025 оны эхний улиралд Монголд 36 мянган суудлын автомашин импортоор орж ирсэн нь ажлын нэг долоо хоногт дунджаар 2730 машин гэсэн үг.
- Японоос орж ирж буй хуучин, насжилт өндөртэй автомашин суудлын машины нийт импортын 81.4 хувийг эзэлж байна.
- Монгол Улс импортынхоо 13 хувийг хуучин машин худалдан авахад зарцуулж байгаа нь эдийн засагт ноцтой дохио өгч байна.

Монголчууд хуучин машины амтанд бүрэн оржээ. Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээс харахад 2025 оны эхний гурван сард л гэхэд манай улсын хилийг давж 36 мянган суудлын автомашин орж ирсэн байна. Энэ нь долоо хоног тутамд дунджаар 2730 төмөр хүлэг шинэ эзэнтэй болж байна гэсэн үг. Автомашины энэ тасралтгүй урсгалын гол эх үүсвэр нь Япон улс бөгөөд тус улсаас орж ирж буй нийт барааны 81.4 хувьд нь зөвхөн суудлын автомашин байгаа нь энэ салбарын нэг чигийн хамаарлыг тод илтгэнэ.
Хамгийн сонирхолтой нь хилийн дундаж үнэ нэг бүр нь 9900 ам.доллар болж өмнөх оныхоос 2400 ам.доллараар өссөн ч импортын хандлага буурахгүй байна. Үүний цаана нэг зүйл тод харагдана. Японоос орж ирдэг машин голдуу хямд үнэтэй ч олон жил унасан, насжилт өндөртэй байдаг. Энэ нь хотын утаа, авто замын түгжрэл, сэлбэгийн эрэлт гээд олон асуудлыг давхар дагуулж ирдэг. 2024 оны эхний улиралд 254 сая ам.долларын үнэтэй 34.3 мянган автомашин орж ирж байсан бол 2025 онд 227.5 сая ам.долларын 36 мянган машин орж иржээ. Тооны өсөлт огт буурахгүй үед замын түгжрэлийг шийдэх, зүгээр л зам барихыг шаардах нь хэтийдэл гэдгийг нуух аргагүй.
2025 оны эхний гурван сард л гэхэд Монгол улсын хилийг давж 36 мянган суудлын автомашин орж ирсэн байна.
Илүү олон машин, илүү хуучин насжилт, илүү бага үнэ. Гэхдээ энэхүү бага үнийн "бодит хэмнэлт" Монгол Улсын эдийн засагт хожоо биш, хохирол дагуулж болзошгүй. Учир нь эхний улиралд хийсэн нийт 2.5 тэрбум ам.долларын импортын 13 хувь нь зөвхөн хуучин автомашинд зарцуулагдсан байна. Арван доллар тутмын нэгийг гадаадын хуучин төмөр хүлэгт өгч байгаа нь олон улсын жишгээр ч тун онцгой үзэгдэл юм.
Хуучин автомашины импорт ингэтлээ өсөж буй нь зөвхөн хэрэглээний асуудал биш. Цаашид энэ байдал үргэлжилсээр байвал эдийн засгийн дарамт, зөв зохицуулалт төдийгүй нийгмийн бэрхшээл болон давхардан хурцдах нь гарцаагүй. Харин өнөөдөртөө бол хуучин төмөр хүлгийн цуваа тасрах янз алга.