Азийн хувьцааны зах зээл уналттай эхэлж, Японы экспорт буурсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоов
07 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы экспорт хоёр сар дараалан буурсан нь бүс нутгийн зах зээлд сөргөөр нөлөөлөв.
  • Трамп Жером Пауэллыг огцруулахгүй гэж мэдэгдсэн ч худалдааны бодлого хэврэг хэвээр байна.
  • Сингапурын Straits Times Index 9 өдөр дараалан өсч, түүхэн дээд түвшинд хүрлээ.
Бүс нутгийн хөрөнгийн зах зээл тогтворгүй нөхцөл байдалд орсон хэвээр байгаа бөгөөд АНУ-ын дотоод улс төр, худалдааны бодлого, Зүүн Азийн экспортын чиг хандлага зэрэг нь цаашдын хөдөлгөөнийг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байна

Японы экспорт хоёр сар дараалан буурснаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллыг огцруулах бодолгүй гэдгээ мэдэгдсэн нь өнөөдөр Азийн хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд орууллаа.

Япон, БНСУ болон Хятадын томоохон индексүүд уналт үзүүлсэн бол Сингапурын хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрсэн нь бүс нутгийн нийт хандлагыг саармагжуулж байна. Nikkei 225 индекс 0.22 хувиар, KOSPI 0.35 хувиар тус тус буурсан бол Shanghai Composite индекс 3,503.65 нэгж дээр тогтсон үзүүлэлттэй өдрийг эхлүүлжээ. Харин Австралийн S&P/ASX 200 индекс 0.72 хувиар өсөж, 8,623.30 нэгжид хүрсэн байна.

Трамп мягмар гарагт Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдын уулзалтаар Пауэллыг огцруулна гэж хэлсэн ч, дараа нь Бахрейны угсаа залгамжлах хунтайжтай Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр “төлөвлөөгүй” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаар “Ямар ч зүйлийг үгүйсгэхгүй, гэхдээ хууль бус зүйл хийж байгаагүй бол ийм алхам хийх магадлал маш бага” гэж нэмж хэлжээ.

Эдийн засгийн тодорхойгүй байдлын дунд Трамп Японы импортод 25 хувийн гаалийн тариф тогтооно гэдгээ мөн дахин мэдэгдсэн нь хоёр улсын худалдааны хэлэлцээрт ахиц гарахгүй гэсэн хүлээлтийг улам лавшруулж байна.

Японы экспортын уналт нь тус улсын эдийн засагт сэргэлт удаашрах эрсдэл үүсгэж байгааг илтгэж байна. Тус улсын экспорт хоёр сар дараалан буурсан нь 2023 оноос хойших хамгийн сул гүйцэтгэлд тооцогдож байна. Харин Сингапурын газрын тосноос бусад бараа бүтээгдэхүүний экспорт зургадугаар сард зах зээлийн таамгийг давж, 11 сарын дээд түвшинд хүрсэн нь эерэг дохио болов.

Сингапурын Straits Times Index 0.39 хувиар өсч, 4,148.28 нэгжид хүрсэн бол өдрийн эхэнд 4,154.13 нэгж хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. Технологи, санхүү болон өргөн хэрэглээний салбарын хувьцаанууд индексийн өсөлтийг тэргүүлжээ.

Нийт бүс нутгийн хөрөнгийн зах зээлүүд тогтворгүй нөхцөл байдалд орсон хэвээр байгаа бөгөөд АНУ-ын дотоод улс төр, худалдааны бодлого, Зүүн Азийн экспортын чиг хандлага зэрэг нь цаашдын хөдөлгөөнийг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байна.   

mobile-logo