- Amazon гуравдагч худалдаачдаасаа тарифын шинэ бодлогын нөлөөллийг цахим захидлаар асууж эхэлжээ.
- Трамп БНХАУ-ын бараанд 145 хувийн татвар ногдуулж, зардлыг эрс өсгөв.
- Худалдаачид барааныхаа үнийг нэмэх, эсвэл бизнесээ хаах хоёрхон сонголттой тулж байна.

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ болох Amazon компанийн удирдлагууд сүүлийн үед худалдаачдаасаа нэгэн чухал зүйлийг асууж эхэлжээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны шинэ тарифын бодлого эдийн засагт хэр хэмжээний дарамт үүсгэж байгааг тандан судлах зорилгоор худалдаачдад цахим захидал илгээж байгаа аж.
Amazon компани захидалдаа “Таны тээвэр логистикийн өртөг, бараа нийлүүлэлт, үнэ тогтоох стратеги тарифын шинэ нөхцөлд хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэж шууд асуусан нь нэлээд анхаарал татаж буй юм. Энэ нь зүгээр нэг ханган нийлүүлэгчидтэй харилцах захиргааны харилцаа бус, өргөн цар хүрээтэй томоохон өөрчлөлтийн дохио болж байна.
Amazon-ын гүйцэтгэх захирал Энди Жасси “Худалдаачид өссөн зардлыг өөрсдөө даах боломжгүй болсон тул нэг бол үнээ нэмэх, эсвэл бизнесээ хумьж байна” гэжээ. Түүний хэлснээр “Ашгийн хэмжээ 50 хувиас доош байгаа нөхцөлд тарифын дарамтыг худалдаачид нуруундаа үүрч чадахгүй нь ойлгомжтой” гэж буй юм.
Ер нь аливаа тарифын бодлого олон улсын худалдаанд хүчтэй нөлөөлдөг ч энэ удаагийн нөлөөлөл шууд бөгөөд илт мэдрэгдэхүйц байлаа. Трампын зарлигаар БНХАУ-аас АНУ-д импортлох бараанд 145 хувийн өндөр тариф тогтоогоод байна. Харин бусад улс орнуудад 10 хувийн нийтлэг тариф мөрдөгдөж буй.
Энэ бүхэн Amazon компанийн хамгийн гол хүч болох гуравдагч худалдаачдад хүнд цохилт болсон байна. Учир нь тэдний олонх нь бүтээгдэхүүнээ БНХАУ-аас татан авдаг бөгөөд өнөөдөр Amazon дээр зарагдаж буй нийт барааны 60 хувийг тэд нийлүүлдэг байна.
Зарим худалдаачид түр хугацаанд үнийн өсөлтийг барихыг оролдож буй хэдий ч урт хугацаанд ашиггүй бол бизнесээ зогсоохоос өөр аргагүй байдалд орж байна.
Amazon ч өөрөө нийлүүлэлтийн бодлогоо хумьж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт тус компани БНХАУ-аас импортлохоор төлөвлөж байсан зарим бүтээгдэхүүний захиалгыг цуцалсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Зах зээл дээр эдийн засгийн дарамт үүнийг даган мэдрэгдэж эхэлжээ. 2025 он гарсаар Amazon-ын хувьцааны ханш 18 хувиар унасан бол NASDAQ индекс нийт 13 хувиар буурсан нь худалдаа, технологийн компаниудад эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Тарифын бодлогын нөлөө ийнхүү цахим худалдааны ертөнцөд хүчтэй цохилт өгч худалдан авагчдын хэтэвчнээс эхлээд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд хүртэл доголдол үүсгэж эхэллээ.