bnr-0
“Labubu” тоглоом дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл болж буйн шалтгаан
05 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Скандинавын домгоос сэдэвлэсэн энэхүү бяцхан араатан Pop Mart сүлжээ дэлгүүрт 419 сая ам.долларын орлого авчирлаа.
  • Dua Lipa, Madonna, Rosé зэрэг одод уг тоглоомын фэн болсон нь цуглуулагчдын дунд ховор хувилбарыг эрэлхийлэх шинэ дон үүсгээд байна.
  • Лабубу нь зөвхөн тоглоом бус, загварын аксессуар, өөрийгөө илэрхийлэх бэлгэ тэмдэг болон хувирчээ.
Дөнгөж харахад инээдтэй хэрнээ үл мэдэгдэх зүйлээс санаа авсан мэт дүртэй, хурц шүдтэй, үсэрхэг тоглоомыг Лабубу гэдэг.

Дөнгөж харахад инээдтэй хэрнээ үл мэдэгдэх зүйлээс санаа авсан мэт дүртэй, хурц шүдтэй, үсэрхэг тоглоомыг Лабубу гэдэг. Энэхүү тоглоом алдарт Madonna-гаас эхлээд BlackPink-ийн Rosé хүртэл фэнүүдтэй болж дэлхийн залуусын дунд аль хэдийн соёл, загварын шинэ шүтээн болон гарч иржээ. Pop Mart компанийн үйлдвэрлэсэн энэ цуврал тоглоом нь худалдаанд гармагцаа хэдхэн секундийн дотор зарагдаж дуусч, ховор хувилбарууд нь дахин худалдаанд хэдэн зуун ам.долларын үнэ хүрч байна.

Анх Хонконгт уран бүтээлээ эхлүүлсэн зураач Касинг Лунгийн бүтээл болох Лабубу нь Скандинавын ардын үлгэрт суурилсан “The Monsters” цувралын нэг хэсэг юм. Уг тоглоом нь хэрэглэгчдэд хайрцаг дотроо яг ямар дүр ирэх нь мэдэгдэхгүй “blind box” буюу сюрприз хэлбэрээр худалдаалагддаг. Үүний улмаас ховор хувилбаруудыг олох гэсэн эрэл илүү эрчимтэй болж, цуглуулагчдыг сүлжээ дэлгүүрийн гадаа хэдэн цагаар дугаарлахад хүртэл хүргэж байгаа ажээ.

2024 онд Pop Mart-ын “The Monsters” цуврал тоглоомууд 419 сая ам.долларын борлуулалт авчирч өмнөх жилээс даруй 726.6 хувиар өссөн нь компанийн хувьд дээд амжилт боллоо. Лабубугийн хамгийн сүүлийн шинэчлэл бүхий цуврал өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан даруйдаа дууссан бөгөөд анхны үнэ нь 27.99 ам.доллар байв. Харин дахин худалдаалагдаж буй үнэ 60 доллароос давж, зарим ховор хувилбарууд нь хэдэн зуун ам.долларт хүрч байна.

Dua Lipa, Kim Kardashian, Rihanha зэрэг одод хүртэл Лабубуг цүнх, бүс, бүр ээмэг зэрэг аксессуар болгон ашиглаж байгаа тухайгаа сошиал сүлжээнд хуваалцжээ. Энэ тоглоом нь томчуудын бага насны дурсамжийг санагдуулж, сэтгэлзүйн тайвшрал өгөх увидастай хэмээн тайлбарлах ч фэн ч гарж иржээ.

Харин зарим оронд, тэр дундаа Францын загварын долоо хоногийн тайзан дээр Лабубуг тусгай даашинз өмсүүлэн, загварын элемент болгон танилцуулсан нь энэ дүрийн нөлөө зөвхөн цуглуулгын хүрээнээс хальж, соёлын шинэ хэлбэр болон хөгжиж буйн илэрхийлэл боллоо. Түүнчлэн Лабубугийн хувцас, жижиг хэрэгслүүдийг олон улсын цахим худалдааны платформуудаар борлуулдаг дагасан үйлдвэрлэл үүсжээ.

Өнөөгийн хэрэглэгчдийн хувьд Лабубу бол зүгээр нэг тоглоом биш. Энэ нь дотоод мэдрэмжээ илэрхийлэх, нийгмийн стрессээс түр ч болов холдох, хувийн орон зайгаа бүрдүүлэх сэтгэлзүйн нэг төрлийн хэрэгсэл болон хувирсан нь уг үзэгдлийг дэлхийн хэмжээний шүтээн болоход түлхэц өгч байна.  

mobile-logo