- Хүмүүн сургууль энэ зун олон улсын стандарт хангасан спортын иж бүрэн цогцолбороо нээх гэж байна.
- Цогцолбор нь усан бассейн, NBA заал, мөсөн гулгуур, авиралтын хана зэргийг багтаасан дэлхийн түвшний орчныг бүрдүүлжээ.
- 2030 оноос “Эртнээс Олимпод бэлдэх” хөтөлбөр хэрэгжүүлж, сурагчдыг олон улсын тэмцээнд бэлтгэхээр зорьж байна.

Улаанбаатар хотноо олон улсын боловсрол, спортын хосолмол хөгжилд чиглэсэн шинэ стандарт тогтоохоор зорьсон Хүмүүн олон улсын сургууль энэ зун иж бүрэн спортын цогцолбороо нээхээр болжээ.
Тус хотхон нь Олимпод хүрэх ирээдүйн тамирчдыг сурагчийн ширээнээс эхлэн бэлтгэх зорилготойгоор бүтээсэн гэдгийг сургууль онцолж байна.
NBA стандартын заал, олон улсын усан бассейн, жүдогийн мэргэжлийн заал, хаданд авиралтын хана, хөл бөмбөгийн бүрэн хэмжээний талбай зэрэг дотоод, гадаад орчин нь К–12 түвшний сургуулиудаас Ази тивд жишиг болохуйц хэмжээ, чанартай аж.
Хүмүүн сургуулийн шинэ спортын цогцолбор нь зөвхөн биеийн хүчийг бус, оюуны тэсвэр тэвчээр, сахилга бат, хариуцлагыг зэрэг хөгжүүлэх орчныг бий болгосноороо онцлог. Гадаах байгууламжид мөсөн гулгуур, тэшүүрийн зам, 3x3 болон 5x5 сагсан бөмбөгийн талбай, байгалийн замаар алхах бүс ч багтжээ. Мөн газрын теннис, фитнес болон хувийн дасгалжуулалтын орчин ч сургуулийн сурагчдад нээлттэй байна.

Сургуулийн удирдлагууд “Бид зүгээр нэг медальтнуудыг бус, зорилго, хүмүүжил, амьдралын философитой хувь хүн төлөвшүүлэхийг зорьдог” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Цогцолборын бүтээн байгуулалттай зэрэгцэн “Эртнээс Олимпод бэлдэх Хүмүүн сурагч” нэртэй хөтөлбөрийг 2030 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг Олимпын албан ёсны төрөл бүрээр мэргэшүүлж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай ирээдүйн төлөөлөгч болгон бэлтгэх зорилготой урт хугацааны төлөвлөгөө юм.

Монгол Улсын хувьд дэлхийн боловсролын сүлжээнд өөрийн байр сууриа бататгах, ирээдүйн шилдэг иргэдийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн нэг сургуулийн төсөл бус, Олимпын боловсролын шинэ загвар болон хөгжих чадамжтай хэмээн дүгнэж болохоор байна.