- Америкчууд хүнсээ зээлээр худалдан авах нь огцом өсөж, эргэн төлөлтөө хоцроож буй нь асуудал дагуулж байна.
- Судалгаанд оролцогчдын 41 хувь нь сүүлийн нэг жилд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна.
- Инфляц, өндөр хүүгийн түвшин, эдийн засгийн тодорхойгүй байдал өрийн дарамтыг нэмэгдүүлж байна.

АНУ-д хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа “одоо аваад дараа төл” санхүүгийн үйлчилгээ ашиглах иргэдийн тоо эрс өсөж, төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй байх үзэгдэл нэмэгдэж буйг Lending Tree байгууллагын шинэ судалгаа харууллаа.
2025 оны дөрөвдүгээр сарын 2-3-нд 18-79 насны 2,000 америк иргэдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын тал гаруй нь “одоо аваад дараа төл” үйлчилгээг ашиглаж байсан гэж хариулжээ. Тэдний 25 хувь нь хүнсний бараа худалдан авахдаа энэхүү санхүүжилтийн аргыг хэрэглэсэн нь 2024 онд 14 хувь байсан үзүүлэлттэй харьцуулахад огцом өссөн байна.
Мөн судалгаагаар оролцогчдын 41 хувь нь өнгөрсөн жилд “одоо аваад дараа төл” зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй гэж мэдэгдсэн нь 2024 онд 34 хувьтай байснаас өссөн дүн байлаа. Lending Tree-ийн хэрэглэгчийн санхүүгийн асуудал эрхэлсэн ахлах шинжээч Мэтт Шульцийн хэлснээр эдгээр төлбөрийн хоцрогдол ихэвчлэн долоо болон түүнээс цөөн хоногоор гардаг байна.
Шульц нөхцөл байдлын талаар "Олон хүн төсвөө тэлэх арга зам эрэлхийлж байна. Инфляц өндөр хэвээр үргэлжилж, хүүгийн түвшин ч буураагүй. Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй нь иргэдийг ийнхүү зээлийн төрөл бүрийн хэлбэрт хандахад хүргэж байна" гэж онцлов. Тэрбээр эдгээр үзүүлэлтийг шууд эдийн засгийн уналтын шинж тэмдэг гэж тодорхойлоогүй ч “Ойрын хугацаанд нөхцөл байдал дордох төлөвтэй” гэдгийг анхаарууллаа. Шульц энэ асуудал богино хугацаанд сайжрах найдвар бараг байхгүйг онцолсон юм.
“Одоо аваад дараа төл” зээл нь ихэвчлэн хүүгүй, худалдан авалтын үнийг хэсэгчлэн хувааж төлөх боломж олгодог тул хэрэглэгчдийн хувьд кредит картыг орлох хувилбар болдог. Гэвч төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол өндөр торгууль ногдуулдаг бөгөөд нэгэн зэрэг олон зээл авах нь өрийн дарамтыг нэмэгдүүлдэг эрсдэлтэй. Lending Tree-ийн судалгаагаар энэ төрлийн санхүүжилт ашигладаг хүмүүсийн 60 хувь нь нэгэн зэрэг хэд хэдэн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд дөрөвний нэг нь гурваас дээш зээлтэй байжээ.
“Эдгээр зээлийг ашиглахдаа болгоомжтой байх шаардлагатай. Төсвөө богино хугацаанд зохицуулах боломж олгодог ч санхүүгийн удирдлага муу бол өндөр эрсдэл дагуулна” гэж Шульц анхаарууллаа.
Энэ судалгаа Billboard сайтын мэдээлэлтэй давхцаж гарсан бөгөөд тус мэдээлэлд дурдсанаар Coachella хөгжмийн наадамд оролцогчдын 60 хувь нь тасалбар худалдан авахдаа “одоо аваад дараа төл” аргаар санхүүжүүлжээ.
Мөн DoorDash компани хоол хүргэлтийн үйлчилгээндээ Klarna-гийн “одоо аваад дараа төл” санхүүжилтийг нэвтрүүлэхээ зарласан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж, америкчууд өдөр тутмын хоол хүнсээ хүртэл зээлээр авч байна гэсэн шоглолыг бий болгосон юм.