- Энэтхэг улс 2030 он гэхэд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 300 сая тоннд хүргэх зорилго тавин гадаад улс дахь ордуудыг сонирхож байна.
- Коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэх хүлээлттэй байгаа ч одоогоор Австралиас ихээхэн хамааралтай хэвээр байна.
- Монгол Улстай хамтын ажиллагааг эрэлхийлж байгаа ч логистикийн хүндрэл тулгарсаар байна.

Энэтхэгийн Засгийн газар дотоодын гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх хүрээнд компаниудаа төмрийн хүдэр, коксжих нүүрс зэрэг гол түүхий эдийн орд газрыг гадаад улсад эзэмшихийг идэвхтэй уриалж эхэллээ. Гангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сандийп Паундрик өнгөрсөн бямба гарагт Мумбай хотноо болсон салбарын арга хэмжээний үеэр энэ талаар мэдэгдэж, түүхий эдийн баталгаат эх үүсвэр нь ган үйлдвэрлэлийн үндсэн суурь болохыг онцолсон байна.
Паундрикийн хэлснээр зөвхөн төмрийн хүдэр, коксжих нүүрс төдийгүй шохой, доломит зэрэг бусад чухал түүхий эдийн ордыг ч гадаадад сонирхож байгаа аж. Энэтхэг улс өнөөдөр жилд 200 сая тонн орчим түүхий ган үйлдвэрлэж байгаа ч 2030 он гэхэд энэхүү үзүүлэлтийг 300 сая тоннд хүргэх зорилт тавиад байна.
Эл зорилгод хүрэхийн тулд Энэтхэгийн коксжих нүүрсний импорт ч эрс нэмэгдэх төлөвтэй. 2024 оны байдлаар 58 сая тонныг импортолсон бол 2030 он гэхэд 160 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Гэсэн ч өнгөрсөн санхүүгийн жилд тус улсын коксжих нүүрсний импорт 0.7 хувиар буурсан бөгөөд Австрали, АНУ-аас нийлүүлэлт багассантай шууд холбоотой ажээ.
Өдгөө Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээний 85 хувийг гадаадаас хангаж байгаа бөгөөд үүний дийлэнх хэсгийг Австралиас авдаг. Энэ хэт хамаарлыг бууруулахын тулд Энэтхэг түүхий эд нийлүүлэгч орнуудын хамрах хүрээг өргөжүүлэхэд анхаарч эхэлжээ. Тухайлбал, Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа ч далайд гарцгүй байдлаас үүдэн тээвэрлэлтийн хүндрэл, өндөр зардал үргэлжилсээр байгааг Паундрик дурдсан байна.
Мөн төрийн өмчит NMDC компани Индонез, Австрали дахь коксжих нүүрсний орд газруудыг сонирхон судалж буй тухай тус компанийн захирал Амитава Мукержи мэдээлэв.
Энэтхэгийн энэхүү санаачилга нь ирэх жилүүдэд түүхий эдийн зах зээлд шинэ чиг хандлага, стратегийн өрсөлдөөн авчрах төлөвтэй байна. Хангалттай хэмжээний түүхий эдийн баталгаат нөөц бүрдүүлэх нь Энэтхэгийн гангийн салбарт урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах гол хүчин зүйл болохыг шинжээчид онцолж байна.