- Индонезийн нүүрсний үнийн шинэ жишгийг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх оролдлого бүтэлгүйтэж байна.
- БНХАУ-ын нүүрсний импорт буурч, Индонезийн экспортлогчид орлогоо нэмэгдүүлэх боломжоо алдаж байна.
- Индонезийн олборлогчид шинэ бодлогын үр нөлөөг дахин үнэлэхэд хүрч байна.

Индонезийн Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс эхлэн нүүрсний экспортын гэрээ хэлцэлд шинэ үнийн жишиг болох "HBA"-г заавал мөрдүүлэх шийдвэр гаргасан боловч БНХАУ-ын худалдан авагчид уг шинэ тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байсаар байна. Хоёр орны нүүрсний худалдаачдын мэдээлснээр ихэнх нийлүүлэлт одоогоор хуучин Индонезийн нүүрсний индекс болох “ICI”-аар тооцогдож байгаа бөгөөд шинэ жишиг үнэ ил тод бус, мэдээлэл шинэчлэлт багатай, мөн үнийн хувьд илүү өндөр буй нь гол шалтгаан болж байна.
Индонезийн Нүүрс олборлогчдын холбооноос мэдээлснээр экспортлогчдын ихэнх нь хуучин ICI үнийн механизмыг ашигласаар байгаа бөгөөд худалдан авагчид энэхүү тогтсон тогтолцоонд илүү итгэлтэй хандаж байна. Индонезийн Эрчим хүч, ашигт малтмалын нөөцийн яамнаас бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг судалж байгаа тухай мэдээлсэн ч одоогоор тодорхой мэдээг нийтэд өгөөгүй байна.
Индонез нь дэлхийд эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч орон бөгөөд 2024 онд БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспортын орлого 17.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч шинэ үнийн тогтолцоогоор зах зээлд давамгайлах байр сууриа бэхжүүлэх оролдлого амжилт олохгүй байгаа нь тодорхой болов. Шинжээчдийн үзэж буйгаар HBA үнийг нэвтрүүлэх нь анх нүүрсний үнийг нэмэгдүүлж, улсын орлогыг өсгөх зорилготой байсан боловч бодит байдал дээр худалдан авагчдыг өөр зах зээл, өөр нийлүүлэгчид рүү чиглүүлэх эрсдэл бий болгож байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын дотоод нүүрсний эрэлт суларч буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Тухайлбал, 2024 оны гуравдугаар сард нүүрсний нийт импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурч, зөвхөн Индонезээс импортолж буй хэмжээ 9 хувиар багассан байна. Мөн томоохон импортлогч болох China Shenhua Energy гуравдугаар сард гадаад нүүрсний худалдан авалтаа бүрэн зогсоосон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Ийм нөхцөлд Индонезийн нүүрс олборлогчид зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд үнийн бодлогоо дахин эргэн харах, илүү уян хатан стратеги боловсруулах шаардлагатай тулгарч байна. Хэрэв Индонез шинэ үнийн жишгээ дахин зохицуулахгүй бол Хятад болон бусад томоохон зах зээлүүдийн эрэлт буурах эрсдэл улам нэмэгдэх төлөвтэй байна.