bnr-0
АНУ стратегийн эрдсийн салбарт бие даахын тулд хөрөнгө оруулалт, даатгалын сан байгуулна
04 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Трампын засаг захиргаа АНУ-ын олборлох, боловсруулах компаниудад шууд хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулж байна.
  • Хятадын эрдсийн үнийн дарамт АНУ-ын компаниудын өрсөлдөх чадварыг бууруулж байгааг анхаарууллаа.
  • Стратегийн эрдсийн нөөц бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тусгай эрсдэлийн даатгалын санг судалж байна.
АНУ бие даасан байдлаа хадгалж Хятадын эрдсийн нийлүүлэлтийн бодлогоос хамааралгүйгээр стратегийн нөөцөө бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа стратегийн эрдэс баялгийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг сааруулахын тулд олборлох болон боловсруулах салбарын компаниудад шууд хөрөнгө оруулах механизмыг судалж эхэллээ. Дотоод хэргийн сайд Даг Бургумын мэдээлснээр АНУ ховор элементүүдийн хэрэглээнийхээ ихэнхийг БНХАУ-аас импортолдог хэвээр бөгөөд 2024 онд тус төрлийн нийт хэрэглээний 80 хувь нь гадаад эх үүсвэрээс бүрджээ.

Тус улс стратегийн ач холбогдол бүхий эрдсийн салбарт бие даасан байдлаа бэхжүүлэх зорилгоор гурван чиглэлд ажиллаж эхэлж байна. Сайд Бургумын тайлбарласнаар, үүнд олборлогч компаниудад шууд хөрөнгө оруулах, улс төрийн эрсдэлээс хамгаалах зорилготой тусгай даатгалын сан байгуулах болон үнийн уналтыг ашиглан стратегийн эрдсийн нөөц бүрдүүлэх тухай ажээ. Тэрбээр, эрсдэлийн даатгалын сангийн хүрээнд төслүүд улс төрийн шалтгаанаар зогссон тохиолдолд хувийн компаниудад нөхөн төлбөр олгох боломжтой болохыг онцолсон юм.

Бургумын хэлснээр Хятад улс зах зээлд их хэмжээний эрдэс нийлүүлж, үнийг зохиомлоор унагааснаар өрсөлдөгч орнуудын олборлогч компаниудад санхүүгийн дарамт учруулдаг байна. Ийм нөхцөлд АНУ бие даасан байдлаа хадгалж Хятадын эрдсийн нийлүүлэлтийн бодлогоос хамааралгүйгээр стратегийн нөөцөө бүрдүүлэх шаардлагатай болно гэж үзжээ.

Энэ үеэр Бээжин ховор элементийн экспортод шинэ хязгаарлалт тогтоосон нь АНУ-ын тавьсан нэмэлт тарифын хариу арга хэмжээ болсон юм. Эдгээр элемент нь батлан хамгаалах, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин зэрэг стратегийн салбарын салшгүй чухал түүхий эдэд тооцогддог байна. Ингэснээр АНУ стратегийн эрдсийн олборлолт, боловсруулалтын салбарт бие даасан байдлаа хангаж, гадаад нөлөөллөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах шинэ шатны арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилт тавиад байна.

АНУ-ын нутаг дэвсгэрт ховор элементийн стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн гол бүс нутаг төвлөрч буй бөгөөд эдгээрээс Калифорнийн Mountain Pass (цорын ганц үйл ажиллагаатай уурхай), Вайомингийн Halleck Creek (асар их батлагдсан нөөцтэй шинээр илэрсэн орд), Техасын Round Top Mountain (хүнд ховор элемент болон литийн өндөр агууламжтай орд), Монтанагийн Sheep Creek (АНУ-ын хамгийн өндөр агуулгатай орд), Айдахо-Монтанагийн хил орчмын Lemhi Pass (дунд болон хүнд ховор элементийн баялаг судалтай бүс), Вайомингийн Bear Lodge (хөнгөн ховор элементэд төвлөрсөн орд), Миссуригийн Pea Ridge (төмрийн хүдрийн ордод хослон орших ховор элемент) зэрэг орд онцгой байр суурь эзэлж байна.

Эдгээр бүс нутагт олборлох, боловсруулах дотоодын экосистемийг хөгжүүлэх нь зөвхөн АНУ-ын ховор элементийн нийлүүлэлтийг тогтворжуулах бус, дэлхийн зах зээл дээр стратегийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, Хятад төвтэй хангамжийн сүлжээний эрсдэлээс ангижрахад шийдвэрлэх ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.

mobile-logo