- Европын Холбоо, Хятад хоёр АНУ-ын шинэ тарифын дарамтаас үүдэн дээд түвшний дипломат уулзалтаа эрчимжүүлж байна.
- АНУ-ын худалдаа, гадаад бодлогын нөлөөллөөс шалтгаалан Америкийг тойрсон хэлцэл, тохиролцоо сүүлийн үед ихээр анзаарагдах боллоо.
- Хятадтай эдийн засгийн харилцаагаа хадгалахыг зорьж буй ч Европын Холбоо "эрсдэлийг бууруулах" бодлогоосоо ухрахгүй байна.

Европын Холбоо болон БНХАУ-ын хоорондын дипломат идэвхжил сүүлийн үед эрчимжиж АНУ-ын тарифын сөрөг нөлөөг зөөлрүүлэхийг зорьж байна. Тарифын хэт хатуу бодлогоос үүдэн олон улсын худалдаа төдийгүй улс төрийн түшлэл, хамтын ажиллагаанд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж эхэллээ. Үүнтэй холбоотой хамгийн том сэдэв бол Хятад ба Европын Холбоо гэсэн харилцаа юм. Тэгвэл энэхүү харилцаанд өдөр тутмын мэдээнд дурдагдаад өнгөрдөг ч анхаарлын гадна өнгөрдөг ямар өөрчлөлт болж байна вэ.
Дөрөвдүгээр сард Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай утсаар ярилцаж, худалдааны сөргөлдөөнийг гэрээний үндсэн дээр шийдвэрлэх эрмэлзлээ илэрхийлсэн. Тэд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, хурцадмал байдлыг намжаах, худалдааны шударга тогтолцоог хамгаалах шаардлагатайг онцолсон юм.
Фон дер Ляйен Европ руу чиглэх Хятадын барааны эрсдэлийг хянах хамтарсан механизм байгуулахыг санал болгож, Европ-Хятадын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Европын компаниудад зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахын тулд бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэйг дурджээ. Мөн ирэх долдугаар сард Бээжинд болох Европ-Хятадын дээд хэмжээний уулзалтыг баталгаажуулсан байна.
Энэ яриа хэлэлцээний үргэлжлэл болгон хоёр тал Хятадын цахилгаан автомашинд ногдуулсан тарифын асуудлаарх хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцсон нь анхаарал татаж байна. Үүний дараахан Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Бээжинд айлчилж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзан харилцаа, хамтын ажиллагаагаа яриа хэлэлцээнд тулгуурласан шинэ түвшинд хүргэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна. Харин Ши Жиньпин АНУ-ын тарифын бодлогыг шууд бусаар шүүмжилж, хоёр тал хамтран "нэг талын дээрэнгүй" байдлыг эсэргүүцэхийг санал болгожээ.
Мөн үүний дараахан Хятад улс Европын Холбооны байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарсан нь олон жил зогсонги байсан Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээрийг сэргээх оролдлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
АНУ сүүлийн үед Хятадын экспортын бараанд 145 хувь хүртэл, Европын бараанд 20 хувь хүртэл тариф оноосон ч түр хугацаанд 10 хувь болгон бууруулаад буй. Европын Холбоо ч АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавихаар төлөвлөж байсан 21 тэрбум еврогийн сөрөг тарифыг түр хойшлуулж, яриа хэлэлцээг илүүд үзсэн. Гэхдээ одоохондоо.
Сүүлийн үед Европын Холбоо Хятадтай харилцах бодлогоо аажмаар өөрчилж "эрсдэлийг бууруулах" стратегийг баримталж байгаа нь илт харагдаж байна. Энэ хүрээнд гадаад татаасын зохицуулалт, эдийн засгийн албадлагын эсрэг хэрэгсэл зэрэг шинэ механизм нэвтрүүлж байна. Мөн ханган нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг эрмэлзэж, "Стратегийн түүхий эдийн тухай хууль" зэрэг шинэ хууль, журам хэрэгжүүлж эхэлжээ.
Ер нь Европын Холбоо Хятадтай харилцахдаа АНУ-аас ч илүү болгоомжтой ханддаг. Одоогоор технологийн хөрөнгө оруулалтад өргөн цар хүрээтэй хориг тавихгүйгээр зөвхөн цэргийн зориулалттай технологид хязгаарлалт тавьж буй. Гэсэн ч Европын Комисс болон зарим гишүүн орнуудын хооронд Хятадтай харилцах бодлогын талаар гүнзгий санал зөрөлдөөн оршсоор байгаа. Тухайлбал, Европын Комисс илүү хатуу байр суурь баримталж байгаа бол Герман зэрэг орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа хадгалахыг илүүд үздэг.
АНУ-ын бодлогын нөлөөллөөс үүдэн худалдааны зөрчил Европ-Хятадын харилцааг хэсэг хугацаанд ахиулах боломж олгож байгаа ч бүтцийн үл итгэлцэл, шийдвэрлэгдээгүй маргаануудын улмаас гүнзгий стратегийн түншлэл рүү шилжих нь хүндрэл саадтай хэвээр байна. Европын Холбооны гол зорилго нь Америкийн зах зээлд нэвтрэх боломжоо хадгалах юм. Харин Хятадтай харилцах бодлого нь энэ зорилгод нийцэх ёстой хэвээр байна.
Тоон дүнгээс харвал маш ойлгомжтой. 2024 онд Европын Холбоо АНУ руу 531.6 тэрбум еврогийн экспорт хийж, 333.4 тэрбум еврогийн импорт хийсэн бол Хятадаас 517.8 тэрбум еврогийн импорт хийж, 213.3 тэрбум еврогийн бараа экспортолсон байна. Ингэснээр Европын Холбоо АНУ-тай 198.2 тэрбум еврогийн ашигтай, Хятадтай 304.5 тэрбум еврогийн алдагдалтай худалдааны баланстай гэсэн үг.
Хэрэв Европ-АНУ-ын тохиролцоо бүтэлгүйтвэл Европ Хятадтай хязгаарлагдмал хүрээнд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж болох ч стратегийн үл итгэлцэл үргэлжилсээр байх төлөвтэй. Харин АНУ-тай тохиролцох аваас Европын Холбоо Вашингтоны Хятадад хандах хатуу бодлогыг илүү дагаж мөрдөх хандлага нэмэгдэхээр байна. Цахилгаан автомашины тарифын хэлэлцээний дахин эхлэл нь томоохон ахиц авчрах магадлал багатай ч худалдааны хямралыг улам дордуулахгүй байхыг зорьсон алхам хэвээр юм.
Харин цаашдын өрнөл Европ, эсвэл Хятадаас шалтгаална гэхээс илүүтэй АНУ-ын баримтлах бодлого түүний илэрхийлэл ямар байхаас шалтгаалахаар байна.