- Dow Jones индекс 699 нэгжээр, S&P 500 индекс 2.2 хувиар, харин технологийн салбарын Nasdaq индекс 3.1 хувиар тус тус унаж арилжааг хаалаа.
- Иранд тавьсан шинэ хоригийн улмаас газрын тосны үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний салбар энэ өдрийн цорын ганц өсөлттэй салбар боллоо.
- “Microsoft”-ын хувьцааны ханш 3 хувиар унаж, “Morgan Stanley” тус компанийн хувьцааны ханшийн төлөвийг бууруулжээ.

Лхагва гарагт “Nvidia”-ийн анхааруулга болон АНУ-ын Төв банкны дарга Жером Пауэллийн мэдэгдэл зах зээлд шинэ түгшүүр үүсгэж, хөрөнгийн зах зээл огцом уналаа.
Dow Jones индекс 699 нэгжээр, S&P 500 индекс 2.2 хувиар, харин технологийн салбарын Nasdaq индекс 3.1 хувиар тус тус унаж арилжааг хаалаа. Уналтыг голчлон технологийн компаниудын хувьцаа тэргүүлсэн бөгөөд “Nvidia”-ийн хувьцааны ханш ойролцоогоор 7 хувиар унасан байна. Тус компани Хятадад чип нийлүүлэхэд тавигдсан хязгаарлалтаас болж 5.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээх тухай мэдээлсэн нь энэ уналтад нөлөөлжээ.
АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл "Тарифууд богино хугацаанд инфляцыг хөөргөдөж, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж болзошгүй" гэж мэдэгдсэн нь зах зээлийн уналтыг улам эрчимжүүлэв. Үүний улмаас Nasdaq 100 индекс 4 хувиар буурчээ.
Нөгөөтэйгүүр Иранд тавьсан шинэ хоригийн улмаас газрын тосны үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний салбар энэ өдрийн цорын ганц өсөлттэй салбар боллоо. “APA”, “Devon Energy”, “Diamondback” зэрэг газрын тосны компаниудын хувьцаа 1-2 хувиар өссөн байна.
Мөн зах зээлийн "айдсын термометр" гэгддэг хэлбэлзлийн индекс (VIX) ч мөн огцом өссөн нь хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж буйг илтгэв.
“Microsoft”-ын хувьцааны ханш 3 хувиар унаж, “Morgan Stanley” тус компанийн хувьцааны ханшийн төлөвийг бууруулжээ.
Технологийн салбарынхан тэр чигтээ хамгийн их хохирол амссан бөгөөд тариф, инфляц, сул орлогын тайлангууд хөрөнгө оруулагчдын санааг зовоосоор байна.