Улаанбаатар хотын ус хангамжийг 80%-иар нэмэх ус гүн цэвэршүүлэх үйлдвэр баригдаж дууслаа
08 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдаж буй дэвшилтэт технологитой ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Баруун эх үүсвэрээс олборлох 50 сая шоо метр хүртэлх усыг ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, нийслэлийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай.
  • Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун чиглэлд тэлэх, эдийн засаг өсөх нөхцөл бүрдэх юм.
Уг үйлдвэр нь “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн гол хэсэг юм.

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдаж буй дэвшилтэт технологитой ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын үеэс дадлагажиж, өнгөрсөн долдугаар сарын 31-нээс ажилдаа орсон байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар төслийн явцтай танилцжээ.

Уг үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн гол хэсэг юм. Баруун эх үүсвэрээс олборлох 50 сая шоо метр хүртэлх усыг ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, нийслэлийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай.

Төслийн санхүүжилт нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдсэн бөгөөд нийт 461 сая ам.долларын өртөгтэй. Хөтөлбөр нь 2026 оны гуравдугаар сарын 31-нд бүрэн дуусах төлөвлөгөөтэй бөгөөд Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван чиглэлд хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монгол Улсад ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах томоохон үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун чиглэлд тэлэх, эдийн засаг өсөх нөхцөл бүрдэх юм.   

mobile-logo