- Флорида мужийн Кейп Канавералын сансрын баазаас “United Launch Alliance” (ULA) компанийн пуужин хөөрч, “Kuiper” интернэтийн 27 ширхэг хиймэл дагуулыг сансарт тээвэрлэжээ.
- “Amazon” 2026 оны долдугаар сар гэхэд 1618 дагуулыг хөөргөсөн байх ёстой.
- “Kuiper” төслийн нийт өртөг 10 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд “Amazon” энэ оны сүүлээр хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр зорьж байна.

“Amazon” компани даваа гарагт “Kuiper” төслийнхөө хүрээнд интернэтийн анхны хиймэл дагуулуудаа амжилттай хөөргөлөө. Цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн өмнө нь хойшлуулаад байсан нислэгээ ийнхүү амжилттай гүйцэтгэсэн байна. Флорида мужийн Кейп Канавералын сансрын баазаас “United Launch Alliance” (ULA) компанийн пуужин хөөрч, “Kuiper” интернэтийн 27 ширхэг хиймэл дагуулыг сансарт тээвэрлэжээ. Эдгээр хиймэл дагуул тун удахгүй пуужингаас салж, бие даан ажиллаж эхлэх юм.
“Amazon”-ын хэрэгжүүлж буй "Kuiper" төсөл нь бага тойрог замд интернэтийн сүлжээ байгуулах зорилготой бөгөөд энэ салбарт тэргүүлж буй Илон Маскийн “Starlink” төсөлтэй өрсөлдөх аж. Одоогоор “Starlink” сансарт 8000 орчим хиймэл дагуултай байгаа бол “Amazon” 2026 оны долдугаар сар гэхэд 1618 дагуулыг хөөргөсөн байх ёстой гэсэн зохицуулагч байгууллагын шаардлагатай нүүр тулжээ.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд “Amazon” 80 гаруй удаагийн нислэг төлөвлөсөн бөгөөд “ULA”-аас гадна “SpaceX”, “Arianespace” болон Жефф Безосын “Blue Origin” зэрэг компанитай хамтран ажиллаж байна. “Kuiper” төслийн нийт өртөг 10 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд “Amazon” энэ оны сүүлээр хэрэглэгчид, бизнесийн байгууллагууд болон төрийн байгууллагуудад интернэтийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр зорьж байна.
“Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси хөрөнгө оруулалт их шаардлагатай ч урт хугацаандаа “Kuiper” төсөл нь компанийнх нь үйл ажиллагаанд өндөр өгөөж авчрах болно гэдгийг онцолжээ.