- Тарифын асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ эхлээгүйг Бээжин дахин нотлов.
- Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн "хэлэлцээ өрнөж байна" гэх мэдэгдлийг Хятад үгүйсгэв.
- Бизнес эрхлэгчид тарифын дайн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулав.

БНХАУ АНУ-тай тарифын асуудлаар хэлэлцээ эхэлсэн гэх мэдээллийг эрс няцааж, сүүлийн өдрүүдэд Трампын засаг захиргаанаас гарсан мэдэгдлүүдийг үгүйсгэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний танхимын гишүүд хоёр талын хооронд тодорхой хэмжээний яриа хэлэлцээ өрнөж байгаа талаар мэдэгдсэн ч Бээжингийн байр суурь хатуу хэвээр байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакүн “Бид АНУ-тай тарифын асуудлаар ямар ч зөвшилцөл, хэлэлцээ хийж эхлээгүй” гэж Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тодотголоо. Тэрбээр мөн Трамп өнгөрсөн долоо хоногт Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан "Ши Жиньпин над руу залгасан" гэх мэдээллийг няцааж, "Хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд сүүлийн үед утсаар ямар ч яриа болоогүй" гэж мэдэгдэв.
Хятадын талын энэ хатуу мэдэгдэл нь АНУ-ын БНХАУ-аас оруулж буй импортын бараанд ногдуулсан 145 хувийн өндөр тарифт хариу өгч буй хэрэг юм. Бээжин АНУ-ын аливаа шахалт дарамтад автахгүй гэдгээ илэрхийлж өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ давтан нотлоод буй.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон албаны бусад хүмүүс тарифын дайн АНУ-д ашигтайгаар эргэж, худалдааны маргаанд ялалт байгуулна гэж итгэлтэй мэдэгдсээр байна. Гэхдээ бизнес эрхлэгчид болон шинжээчид энэ байр суурийг эргэлзэнгүй хүлээн авч, бодит байдал дээр тарифын дайн дотоодын эдийн засагт нь сөргөөр нөлөөлж эхэлснийг анхааруулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар үнийн өсөлт, бүтээгдэхүүний хомсдол газар авч буй бөгөөд цаашлаад жижиглэн худалдааны дэлгүүрүүд хүртэл хаагдах эрсдэл бодитой болж байгаа ажээ.