- Орчлон сургууль боловсролын хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлын шинэ жишгийг тогтоохоор зорин ажиллаж байна.
- Тус сургууль дөрвөн улирлын турш ажиллах бүрэн автоматажсан, хөрс шаарддаггүй хүлэмжийг ашиглалтад оруулжээ.
- Одоогийн байдлаар уг хүлэмж нь 17 төрлийн нарийн ногоогоор өдөр бүр 2000 гаруй сурагчийг хангаж байна.

Хүүхдийн оюун ухаан, бие махбодын хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг чухал хүчин зүйл бол мэдээж хоол хүнс.
Иймд Орчлон сургууль боловсролын хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлын шинэ жишгийг тогтоохоор зорин ажиллаж байна. Тус сургууль дөрвөн улирлын турш ажиллах бүрэн автоматажсан, хөрс шаарддаггүй хүлэмжийг ашиглалтад оруулжээ. Энэхүү байгууламж нь химийн бодисгүй, эрүүл хүнсний ногоог тасралтгүй үйлдвэрлэх замаар гаднаас импортолдог, хадгалах бодис агуулсан хүнснээс хараат байдлыг бууруулах зорилготой юм. Одоогийн байдлаар уг хүлэмж нь 17 төрлийн нарийн ногоогоор өдөр бүр 2000 гаруй сурагчийг хангаж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгааны дагуу хүүхдүүд өдөр тутамд шаардлагатай шим тэжээлийн 35–50 хувийг сургуулийн орчноос авдаг аж. Үүнд өдрийн хоол чухал үүрэг гүйцэтгэдэг. Шим тэжээлгүй, хэт боловсруулсан, хадгалах бодисоор дүүрсэн, гарал үүсэл нь тодорхойгүй хүнс хүүхдүүдийн хоолны хэрэглээнд хадгалагдсаар байна.
Энэ нь зөвхөн эрүүл мэндэд бус, сурах чадвар, анхаарал төвлөрөл, дархлаа, цаашлаад тэдний амьдралын чанарт ч нөлөөлж байгааг шинжлэх ухаан хэдийн баталсан.
Орчлон сургуулийн хэрэгжүүлж буй уг хүлэмжийн төсөл нь сурагч бүрд пестицидгүй, цэвэр, шим тэжээлтэй хүнсний ногоог сургууль дээр нь өөрсдөө ургуулж, найдвартай эх сурвалжаас хүргэх зорилготой аж. Цаашлаад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой улсын сургуулиудад нарийн ногоогоо үнэгүй нийлүүлэх зорилго тавьжээ.