bnr-0
Канадчууд Марк Карнийг Ерөнхий сайдаар дэмжиж, Трампын худалдааны шахалтад бууж өгсөнгүй
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Либерал нам сонгуульд ялалт байгуулж, дахин эрх барихаар болов.
  • Олонхийн Засгийн газар бүрдэх эсэх нь тодорхойгүй байгаа ч дахин нэг бүрэн эрхийн хугацаа баталгаажжээ.
  • Марк Карни эдийн засгийн туршлагаа гол оноо болгож, Трампын бодлогыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлэв.
Карни сонгуулийн кампанит ажлын турш өөрийн эдийн засгийн туршлагыг, тэр дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэр Канадын эдийн засгийг тогтвортой авч гарсан чадвараа гол хүч болгон сурталчилсан байна.

Канадын сонгогчид Ерөнхий сайд Марк Карнигийн удирдсан Либерал намыг үндэсний хэмжээний сонгуулиар дахин эрх барихыг дэмжсэн талаар Канадын үндэсний телевизийн CBC суваг мэдээлэв. Либерал нам олонхын Засгийн газар байгуулах хангалттай суудал авч чадсан эсэх нь тодорхойгүй байгаа ч тэд дахин нэг бүрэн эрхийн хугацаа үргэлжлүүлэх нь тодорхой боллоо. Либералууд сүүлийн арван жилийн турш Канад улсыг удирдаж ирсэн бөгөөд одоо ч иргэдийн дэмжлэгийг хадгалж чадсан байна.

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд инфляцын өсөлт, цагаачлал болон тухайн үеийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн Дональд Трамптай харилцсан нөхцөл байдлаас үүдэлтэй бухимдал сөрөг хүчин болох Консерватив намд ялах боломж бүрдүүлж байсан. Гэсэн ч нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөж, Либерал намд дахин итгэл хүлээлгэлээ.

Жастин Трюдо энэ оны нэгдүгээр сарын 6-нд буюу Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хоёр долоо хоногийн өмнө огцрохоо зарласан. Энэ шийдвэр нь тухайн үед Трюдод итгэл алдарсан олон нийтийн сэтгэл зүйтэй холбоотой байсан юм. Дональд Трампын бодлого Канадын дотоод улс төрд нөлөөлсөөр байв. Тэрбээр Канад руу тарифын дарамт шахалт үзүүлэхээс гадна Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санал гаргасан нь канадчуудын эгдүүцлийг төрүүлсэн юм.

Шинээр Ерөнхий сайдаар сонгогдсон Марк Карни эдийн засгийн гүнзгий туршлагатай нэгэн. Тэрбээр Канадын Төв банк болон Английн Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ оны гуравдугаар сард Либерал намын сунгаагаар Ерөнхий сайдад нэр дэвшин ялалт байгуулжээ.

Карни сонгуулийн кампанит ажлын турш өөрийн эдийн засгийн туршлагыг, тэр дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэр Канадын эдийн засгийг тогтвортой авч гарсан чадвараа гол хүч болгон сурталчилсан байна. Түүний кампанит ажилд "Марк бол бодит төлөвлөгөөтэй, туршлагатай удирдагч бөгөөд G7-ийн хамгийн хүчирхэг эдийн засгийг бүтээх чадвартай хүн" хэмээн тодотгож байжээ.

Ийнхүү канадчууд дотоод болон гадаад сорилтуудын дунд эдийн засгийн мэдлэг, туршлагыг чухалчилж Либерал намд дахин итгэл хүлээлгэх шийдвэр гаргалаа.   

mobile-logo