bnr-0
Трампын эхний 100 хоног хөрөнгийн зах зээлийн хамгийн муу үзүүлэлтээр тэмдэглэгдэв
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд ажилласан эхний 100 хоногт хөрөнгийн зах зээл 1970 оноос хойших хамгийн муу гүйцэтгэлтэй байлаа.
  • Дөрөвдүгээр сард Трампын тарифын мэдэгдлийн дараа S&P 500 индекс хоёр хоногийн дотор 10 хувиар унаж, түр хугацаанд “баавгай зах зээл”-ийн бүсэд шилжсэн.
  • Энэ долоо хоногт зах зээл огцом сэргэхгүй бол түүний үзүүлэлт АНУ-ын Ерөнхийлөгч нарын эхний 100 хоногийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж үлдэх төлөвтэй байна.
Шинэ Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт S&P 500 индекс дунджаар 2.1 хувиар өсөх хандлагатай байдаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд ажилласан эхний 100 хоногт хөрөнгийн зах зээл 1970 оноос хойших хамгийн муу гүйцэтгэлтэй байлаа. Трампыг нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс хойш S&P 500 индекс 7.9 хувиар буурсан нь 1973 онд Ерөнхийлөгч Ричард Никсон хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх үед 9.9 хувиар унаж байснаас хойших хоёр дахь хамгийн муу эхлэл болж байна.

Шинэ Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт S&P 500 индекс дунджаар 2.1 хувиар өсөх хандлагатай байдаг. Трамп сонгуульд ялсны дараа татвар бууруулах, зохицуулалтыг цөөлөх амлалтаас нь үүдэн хөрөнгийн зах зээл хүчтэй өсөж байсан ч тангараг өргөсний дараа худалдааны түрэмгий бодлого баримталж, өндөр тариф тогтоосноор хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, зах зээл огцом уналтад оржээ.

Ялангуяа дөрөвдүгээр сард Трампын тарифын мэдэгдлийн дараа S&P 500 индекс хоёр хоногийн дотор 10 хувиар унаж, түр хугацаанд “баавгай зах зээл”-ийн бүсэд шилжсэн. Хожим нь Трамп зарим тарифыг ногдуулахаа 90 хоногоор хойшлуулсан нь зах зээлийг түр тайвшруулсан ч хөрөнгө оруулагчдын болгоомжлол арилаагүй хэвээр байна.

Трампын эхний 100 хоног өнөөдөр буюу мягмар гарагт албан ёсоор дуусаж байна. Хэрэв энэ долоо хоногт зах зээл огцом сэргэхгүй бол түүний үзүүлэлт АНУ-ын Ерөнхийлөгч нарын эхний 100 хоногийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж үлдэх төлөвтэй байна.   

mobile-logo