- Өнөө цагийн санхүүгийн савалгаатай зах зээлд залуу хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна.
- Санхүүгийн боловсрол ба амжилттай санхүүгийн ирээдүйн хооронд шууд холбоо тогтоогдож байна.
- АНУ-ын 27 муж ахлах сургуулийн сурагчдад хувийн санхүүгийн хичээлийг заавал судлуулах шаардлага тавьжээ.

Өнөөгийн огцом хэлбэлзэлтэй зах зээлд олон залуус санхүүгийн ертөнцөд эргэлт хийж эхэлж байна. Гэвч ихэнх шинэхэн хөрөнгө оруулагчдад тулгардаг хамгийн том эрсдэл нь суурь мэдлэгийн дутагдал юм. Судалгаагаар хувийн санхүүгийн боловсрол эзэмшсэн хүмүүс илүү амжилттай санхүүгийн ирээдүйтэй болдгийг нотолжээ.
Иймээс АНУ-ын 27 муж ахлах сургуулийн сурагчдаас төгсөхийн өмнө хувийн санхүүгийн хичээл заавал судлах шаардлага тавьсан байна. Зах зээл дээр шинэ үеийн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож буй энэ үед хувийн санхүүгийн суурь ойлголт нь зайлшгүй чухал хэрэгцээ болж байна.
Next Gen Personal Finance байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тим Ранзеттагийн хэлснээр зах зээлийн хэлбэлзэлтэй үед хөрөнгөө яаран татах нь хамгийн том алдаа болох аж. Тэрбээр “Уналтад хэт сандарч хөрөнгөө зарснаар өсөлтийн боломжийг алддаг” хэмээн анхааруулжээ.
2024 онд Tyton Partners болон Next Gen-ийн хамтарсан судалгаагаар ахлах сургуульд нэг семестр хувийн санхүүгийн хичээл судалсан сурагчийн амьдралын туршид авах эдийн засгийн өгөөж ойролцоогоор 100,000 ам.долларт хүрдэг болохыг тогтоосон байна. Ранзеттагийн онцолсноор энэ тоо залуу үеийн хөрөнгө оруулалтын идэвх нэмэгдэхийн хэрээр улам өсөх хандлагатай байгаа аж.
Энэ өгөөж нь голчлон зээлийн картын өрийг эргэлтэнд оруулахгүй байх, зээлийн өндөр оноо бүрдүүлж, хүү багатай зээл авах боломжийг нээх замаар бий болдог. Мөн бага наснаасаа хөрөнгө оруулалтын талаар ойлголттой болох нь урт хугацаанд баялаг хуримтлуулах үндэс суурийг тавьдаг гэж Next Gen-ийн боловсролын хөтөлбөрийн захирал Янели Эспинал тодотгов.
Судалгаагаар хувийн санхүүгийн хичээл үзсэн сурагчид коллежийн төлбөрөө төлөхөд илүү ухаалаг сонголт хийж, буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл ашиглах хандлагатай байдаг. Харин санхүүгийн боловсролгүй сурагчид өндөр хүүтэй өрөнд орох эрсдэлтэй байдаг байна гэж Үндэсний Санхүүгийн Боловсролын Сангийн ивээл дор явуулсан судалгаа харуулжээ.
Түүнчлэн Хөрөнгө Оруулагчдын Боловсролын Сангийн мэдээлснээр, хувийн санхүүгийн боловсролтой залуучууд илүү өндөр зээлийн үнэлгээтэй, өрийн хоцрогдол багатай байдгийг тогтоожээ. Brookings Institution-ийн өөр нэг тайлан ч санхүүгийн боловсролтой өсвөр насныхны хуримтлал, цэвэр хөрөнгийн хэмжээ илүү байдаг гэдгийг баталсан байна.
Гэсэн ч өсвөр насныхны дунд санхүүгийн мэдлэгийн зөрүү байсаар байна. Junior Achievement болон MissionSquare Foundation-оос гаргасан тайланд дурдсанаар өсвөр үеийн 40 хувь нь ирээдүйд санхүүгийн хувьд тогтвортой биш байхад санаа зовж буй бол 80 хувь нь зээлийн үнэлгээний FICO онооны талаар огт мэддэггүй байна. Мөн 18 хувийн хүүтэй зээлийг "боломжийн" гэж үздэг өсвөр үе ч олон байгааг тэмдэглэжээ. Junior Achievement USA-ийн маркетингийн дарга Эд Грохолски энэ талаар "Хэрэв санхүүгээ ингэж удирдвал амьдралд амжилттай урагшлахад хүндрэлтэй" гэж анхааруулсан байна.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан улам олон муж санхүүгийн боловсролыг хуульчилж эхэлжээ. 2024 оны гуравдугаар сард Кентакки муж хувийн санхүүгийн хичээлийг заавал судлуулдаг 27 дахь муж болж нэмэгдсэн бол дахин 17 мужид ийм төрлийн 43 хуулийн төсөл боловсруулагдаж байна.
Next Gen-ийн мэдээлснээр санхүүгийн боловсролыг заавал судлах шаардлагагүй мужуудад ахлах сургуулийн сурагчдын ердөө 10 хувь хүрэхгүй нь санхүүгийн хичээл үздэг байна. Харин шаардлага тавьснаар сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлэх болон багш нарыг мэргэшүүлэх үүрэг хүлээдэг байна.
Champlain коллежийн Санхүүгийн боловсролын төвийн захирал Жон Пеллетьерийн тооцоолсноор санхүүгийн хичээл заахад АНУ-д дор хаяж 23,000 мэргэшсэн багш хэрэгтэй аж. Тэрбээр "Гэрийн аж ахуйн багш нар цөөрч байгаа учир санхүүгийн боловсрол заах багш нарын дутагдал үүсч байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.