bnr-0
Амт оруулсан цахилгаан тамхи хориглосныг АНУ-ын Дээд шүүх зөв гэж үзжээ
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүнс, эмийн захиргаа зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг АНУ-ын Дээд шүүх үндэслэлтэй хэмээн үзэв.
  • Давж заалдах шатны шүүхийн эсрэг шийдвэр хүчингүй болж, агентлагийн байр суурь баталгаажив.
  • Вэйп бүтээгдэхүүний зохицуулалтад FDA ямар эрх мэдэлтэйг тодорхойлох чухал жишиг хэрэг боллоо.
FDA зөвхөн гаан болон тамхины амттай цөөн тооны цахилгаан тамхинд зөвшөөрөл олгосон бөгөөд бусад амт оруулсан жимстэй төрлүүдийн хувьд татгалзсан байр сууриа хэвээр хадгалсаар байгаа юм.

АНУ-ын Дээд шүүх амт оруулсан цахилгаан тамхины асуудлаар Хүнс, эмийн захиргаа буюу FDA-ийн талд шийдвэр гаргаж, тус агентлагийн бүтээгдэхүүн батлах үйл явцыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрлөө. Энэ нь вэйп бүтээгдэхүүнд хяналт тавих агентлагийн эрх мэдлийг тогтоосон чухал жишиг хэрэг боллоо.

Лхагва гарагт гаргасан шийдвэрээр Дээд шүүх өмнөх шатны буюу Нью Орлеанд байрлах Холбооны 5 дугаар тойргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүчингүй болгосон юм. Тус шатны шүүх FDA вэйп бүтээгдэхүүний зөвшөөрлийг хэлэлцэх явцдаа журмаа хууль бусаар өөрчилсөн гэж үзэж үйлдвэрлэгчдийн эсрэг шийдвэр гаргасныг буруутгаж байсан.

Харин шүүхийн шийдвэрт дурдсанаар үйлдвэрлэгчид өөрсдийн гаргасан мэдүүлэгтээ үндэслэн агентлаг ямар төрлийн нотолгоо, харьцуулсан дүн шинжилгээ шаардсан болохыг урьдчилан ойлгох боломжтой байсан нь тодорхой харагдаж байгаа аж. Дээд шүүхийн шүүгч Сэмюэл Алитогийн бичсэнээр FDA-ийн гол шийдвэрүүд нь үндэслэлтэй бөгөөд зохицуулалтын шаардлага хангаж байжээ.

Гэхдээ маркетингийн төлөвлөгөөг авч үзэх шаардлага байсан эсэх талаар шүүх эцэслэн шийдэлгүй үлдээж уг асуудлыг доод шатны шүүх үргэлжлүүлэн шийдэхээр болжээ. FDA энэхүү маргаанд ялалт байгуулсан хэдий ч зах зээл дээр амт оруулсан цахилгаан тамхинууд өнөө хэр өргөн хүрээнд борлуулагдаж буй нь агентлагийн бодлогын үр дүнг эргэлзээтэй болгох нэгэн сэжүүр болоод байна. Гэвч агентлаг амт оруулсан вэйп бүтээгдэхүүн өсвөр үеийнхний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нотлох оролдлогын хүрээнд ийм арга хэмжээ авч буйгаа тайлбарласаар байгаа.

Шүүхэд асуудал үүсгэсэн компаниудын нэг Triton Distribution нь “Mom’s Pistachio”, “Mother’s Milk and Cookies” зэрэг нэртэй амт оруулсан вэйп шингэн үйлдвэрлэдэг бол Vapetasia компани “Iced Pineapple Express”, “Killer Kustard Blueberry” зэрэг бүтээгдэхүүний зөвшөөрөл авахаар оролдсон байна.

Гэвч FDA эдгээр бүтээгдэхүүн өсвөр үеийнхнийг цахилгаан тамхинд татагдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг үндэслэн татгалзсан юм. Харин үйлдвэрлэгчид эдгээр вэйп бүтээгдэхүүнүүд нь тамхинаас гарах нэгэн хувилбар болж чадна хэмээн мэдэгдэж FDA-ийн шаардлагууд хэтэрхий гэнэтийн бөгөөд тодорхойгүй байсныг шүүмжилжээ.

FDA хариуд нь бүтээгдэхүүн бүрийг тусад нь үнэлдэг бөгөөд эдгээр компаниуд шаардлагатай нотолгоог бүрдүүлж чадаагүйг онцлон тайлбарласан. Тус агентлаг 2016 оноос цахилгаан тамхины бүтээгдэхүүнийг зохицуулж эхэлсэн бөгөөд тухайн үед компаниудад түр хугацаанд хөнгөлөлт үзүүлж, зөвшөөрөл хүсэх хугацаа өгч байсан. Гэвч дараа нь амттай бүтээгдэхүүн өсвөр үеийнхний дунд хорт зуршлыг түгээж буй нь судалгаагаар ил болсон тул хатуу хяналт тавих шаардлагатай гэж үзсэн байна.

Өнөөг хүртэл FDA зөвхөн гаан болон тамхины амттай цөөн тооны цахилгаан тамхинд зөвшөөрөл олгосон бөгөөд бусад амт оруулсан жимстэй төрлүүдийн хувьд татгалзсан байр сууриа хэвээр хадгалсаар байгаа юм.  

mobile-logo