bnr-0
Монголбанк тавдугаар сард 1.01 тонн алт худалдан авч, өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар буурлаа
06 сарын 03, 2025
ХУВААЛЦАХ
2020 оноос эхлэн Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ жил бүр буураад буй.

Монголбанк 2025 оны тавдугаар сард нийт 1014.3 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Он гарсаар нийт 4.3 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь мөн өмнөх жилүүдийн түвшнээс доогуур байгаа юм.

2020 оноос эхлэн Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ жил бүр буурч буй. Тухайлбал, 2020 онд нийт 23,569 кг үнэт металл авсан бол 2024 онд энэ тоо 16,457 кг болж огцом буурсан байна. Харин 2025 онд эхний таван сарын байдлаар ердөө 4,275 кг үнэт металл худалдан аваад байгаа нь жилийн эцэст ч өмнөх оны үзүүлэлтийг гүйцэхгүй байх төлөвтэй байгааг харуулж байна.

2025 оны тавдугаар сарын худалдан авалтын дийлэнхийг Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс бүрдүүлж, 711 кг үнэт металл авчээ. Харин Дархан-Уул аймаг дахь хэлтэс 171.9 кг үнэт металл авсан байна. Энэ нь орон нутгийн салбаруудын худалдан авалтын тэнцвэрт бус байдал, төвлөрөл ихтэй байгааг харуулж буй.

Монголбанк үнэт металлыг худалдан авахдаа Лондонгийн металлын бирж болон дэлхийн зах зээлийн үнийн түвшинг үндэслэж тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцон дотоодын зах зээлд үнэ тогтоодог. 2025 оны тавдугаар сард үнэт металл худалдан авах дундаж үнэ грамм тутамд 376,606.51 төгрөгт хүрчээ. Энэхүү дүн нь өмнөх сараас өссөн үзүүлэлт бөгөөд үнэ нэмэгдэж байгаа үед худалдан авалтын хэмжээ буурах хандлага ажиглагдаж байгаа юм.

Цаашид дотоодын олборлолт, тээвэрлэлт, зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн зах зээлийн шинжээчид онцолжээ.  

mobile-logo